Сэлэнгэ аймагт түүх, соёлын өвийг виртуал орчинд танилцууллаа

Сэлэнгэ аймагт түүх, соёлын өвийг виртуал орчинд танилцууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс хүүхэд, залуучуудын танин мэдэхүйг тэлэх, соёлын боловсролыг дээшлүүлэх, үндэсний түүх, соёлын өвийг орчин үеийн технологийн шийдлээр сурталчлан таниулах зорилгоор “Виртуал музей”-г олон нийтэд толилуулсан юм.

Виртуал музейгээр сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт, ховор үзмэрүүд болон түүхэн дурсгалт эд өлгийн зүйлсийг цахим хэлбэрээр хүргэжээ. Ингэснээр үзэгчид үзмэрүүдийг бодитоор үзэж буй мэт мэдрэмж авч, тэдгээрийн түүхэн үнэ цэн, үүсэл гарал, онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсан байна.

“Виртуал музей” нь соёлын өвийг хамгаалах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд орчин үеийн технологийг үр дүнтэй нэвтрүүлж буй сайн жишээ болж, музейн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлсэн байна. Ялангуяа хүүхэд, залуучуудын сонирхлыг татах интерактив шийдлүүдийг ашигласнаар тэдний түүх, соёлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, өв соёлоо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

Үзүүлэнгийн үеэр оролцогчид музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын өвийн дээжүүдтэй цахимаар танилцаж, орчин үеийн технологийн дэвшлийг музейн үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлж байгааг сонирхон үзжээ. Ийнхүү “Виртуал музей” нь түүх, соёлын өвийг олон нийтэд шинэ хэлбэрээр хүргэж, таниулан сурталчлахын зэрэгцээ музейн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой ажил болсон байна.