Насанд хүрэгчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод болно. Монгол Улсад анх удаа болох гэж байгаа энэ тэмцээнийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар санаачлан, эх орондоо зохион байгуулж буй аж.
Уг тэмцээнд Азийн 27 улсын 240 гаруй шилдэг шатарчин оролцож, классик цагийн хяналттай стандарт төрлөөр өрсөлдөнө.
Ази тивдээ хамгийн өндөр чансаатай энэ тэмцээний ялагчид 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авна. Тиймээс энэ тэмцээн шатарчдын хувьд онцгой ач холбогдолтой. Нээлттэй ангиллын эхний 5 байр болон эмэгтэй шатарчдын аварга тамирчин ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох юм. 21 дэх удаагийн ААШТ 10 хоногийн турш “Баянгол” зочид буудалд болно. Энэ тэмцээнийг chess.com, lichess.org цахим хаягаар тухайн цаг мөчид нь шууд үзэх боломжтой.