БНСУ-д 38 хүний амийг авч одсон түймрийн ослоос Монгол иргэн аюулгүй үлджээ

БНСУ-д 38 хүний амийг авч одсон түймрийн ослоос Монгол иргэн аюулгүй үлджээ

БНСУ-ын Инчён хотод орон нутгийн цагаар лхагва гаригийн /2020.04.29/ 13.30 цагийн орчимд баригдаж  байгаа хөргүүртэй агуулахын зориулалттай барилгад гал гарч, галын улмаас  38 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн гэмтэж бэртсэн аюултай осол гарчээ.

Энэ талаар NYT, Aljazeera, The Guardian, Reuters зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолсон байна.

Дээрх эх сурвалжуудад дурдсанаар тус барилгын ажил нь агуулахын зориулалттай барилга учраас халуун тусгаарлагч хөөсөн доторлогоо хийж байсан аж. Инчён галын газрын дарга Сух Сэүн Хён Ёнхапад хэлэхдээ гал асаах үед газрын тосны дусал ассан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэв.  Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн мэдээлснээр дор хаяж 10 дэлбэрэлт болжээ. Тус хотын цагдаа, гал сөнөөгчид ослын шалтгааныг илрүүлэхээр  судалж байна.

Ёнхап агентлагийн мэдээлснээр ерөнхийлөгч Мун Жэ Ин засгийн газрын албан тушаалтнуудад эрэн хайх, аврах ажилд байгаа бүх нөөц бололцоог дайчлахыг тушаав гэж Цэнхэр ордны хэвлэлийн төлөөлөгч Канг Мин-сеок мэдэгдэв.

Гал гарах үед барилгад 78 хүн ажиллаж байжээ. Тэдний дунд нэг монгол иргэн байсан талаар манай хэвлэлүүд мэдээлсэн. Түүнийг Ж. Цолмонжаргал гэдэг бөгөөд осол гарахаас хэдхэн цагийн өмнө хажуу талын барилгад орон ажиллаж байжээ.

Тэрээр ослын талаар хэлэхдээ “ Осолд өртсөн хүмүүс зоорийн давхарт ажиллаж байсан юм билээ. Тэнд их олон торхтой хөөснүүд хадгалагдаж байсан.  Сэндвичэн хавтангаар барьсан барилга болохоор их хурдан шатсан. Тэгээд тэр торхтой хөөснүүд бас дэлбэрсэн юм шиг байна лээ. Тэгээд л тэр олон хүн барилгаас амжиж гарч чадалгүй амь үрэгдсэн байх. Одоогоор шинжээчид ослын шалтгааныг бүрэн тодруулахаар ажиллаж байгаа, барилгын ажлыг бүрэн зогсоож хамгаалалтад авсан байна.

“А блок, Б блок гээд зэргэлдээ хоёр барилга баригдаж байсан юм. А блок олон арван хүн амь үрэгдсэн аймшигтай осол боллоо”

Гадаадын ажилчид бас их байсан. Надаас өөр монгол хүн байгаагүй ээ. Би энэ барилгын цахилгааны ажлыг хийж байгаа. Гал 13.30 минутын орчимд гарсан. Харин би 10 цагийн үед Б блок руу орж ажиллахаар явсан. Гар гарсны дараа 30 орчим минутын дараа галын машинууд ирсэн. 20,30 машин ирж байх шиг байсан. Бас нисдэг тэргээр хор цацаж байсан. Энэ барилга баригдаж байгаа газар нь олон том машин ороход зам муутай учир галын машинууд бага зэрэг удаж байж ирсэн” гэлээ.