О.Уяхан: Өвөрмонголоос ирээд шинэ багтаа дасах амаргүй байсан ч, одоо ойлголцдог болж нэг тоглолтонд долоон гоол оруулсан

О.Уяхан: Өвөрмонголоос ирээд шинэ багтаа дасах амаргүй байсан ч, одоо ойлголцдог болж нэг тоглолтонд долоон гоол оруулсан

Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лиг элдэв чимээ шуугиангүй, “даруухан” үргэлжилсээр, зуны зунд өөр хоорондоо ялгагдахгүй шахуу 45, 90 минутыг үдсээр байдаг. Энэ олон даруухны дунд хэд хоногийн өмнө “онцгой” нэгэн үйл явдал болсон нь "Хад" клуб "Туулын том тулнууд" клубтэй тоглож 17-0 оноогоор хожсон явдал байлаа. Ингэхдээ хэний ч танихгүй охин долоон гоол оруулж, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг өөртөө татаад амжсан юм. Тэр бол О.Уяхан байв. Өвөрмонголоос Монгол Улсад суралцахаар хагас жилийн өмнө ирж, "Хад" клубт энэ улирлаас эхлэн тоглож буй шинэ гишүүнтэй хөлбөмбөг, ирээдүйн зорилго, “дуртай хоолны тухай” ярилцлаа.

ВИДЕО: 

Ярилцлагын зарим хэсэгт зочны ярианы онцлогийг хадгалах үүднээс Өвөрмонгол аялгын үг хэллэгийг тухайн хэвээр нь буулгав.

- ХУРДАН ГҮЙХ ЧАДВАР МААНЬ НАМАЙГ ХӨЛБӨМБӨГИЙН ТАМИРЧИН БОЛГОСОН  - 

  • Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Монголд хэзээ ирэв, ямар зорилго өвөрлөн ирэв гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
  • Баярлалаа. Би Өвөрмонголын Ордос хотоос Монголд суралцахаар ирсэн. МУБИС-д тамирын мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Энд бас Хад клубт хөлбөмбөг тоглож байгаа.
  • Зарим хүмүүс таныг "долоон гоол оруулсан Уяхан" гэдгээр нь эчнээ таньж байгаа байх. Анх хөлбөмбөг тоглож эхэлсэн түүхээ хуваалцахгүй юу.
  • Нэг удаагийн завшаан дээр гүйж байхад багш намайг олж үзээд, “энэ хүүхэд хурдан гүйж байна” гээд намайг сургуулийн хөлбөмбөгийн ангид оруулсан. Жоохон байхдаа зөвхөн гүйх л дуртай байсан. Хөлбөмбөг тоглоно гэж яг бодоогүй. Олон жил тоглоод хөлбөмбөг ийм гайхамшигтай, ингэж тоглодог гэдэг утгыг нь ойлгоод ирэхээр хөлбөмбөг надад нэн илүү гоё санагдсан.
  • Хөлбөмбөгөөс өөр хурдан гүйдэг спорт олон бий шүү дээ. Энэ дундаас яагаад хөлбөмбөгийг сонгож үлдсэн нь бас сонин санагдаж байна. 
  • Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн их дэмжигчтэй спорт. Бага байхдаа тоглоод үзэхэд сэтгэлд таалагдаж байсан тул шууд сонгосон.
  • Анх хичээллэж эхлэхэд ямар санагдаж байсан бэ? 
  • Би бага сургуулийн дөрөвдүгээр ангид байхаасаа буюу 10 настайгаасаа тоглож эхэлсэн. Тэр үеэс эхлээд л өдөр бүр хоёр бэлтгэл хийдэг байсан. Үдийн өмнө, үдийн хойно хичээлийнхээ дараа хоёр цаг бэлтгэлээ хийнэ. Анх бэлтгэл хийх, тоглолтонд ороход удаан хугацаанд гүйх нь л хамгийн хэцүү байсан. Тэр үедээ “Удахгүй барна аа, чармай, одоо жоохон гүйвэл дууслаа, мануус заавал нөгөө багийг дийлнэ ээ, дийлнэ дийлнэ” гэж өөрийн биеэ чармайдаг байсан даа. 

"Хад" клубийн тамирчин О.Уяхан

-МОНГОЛ ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ТОГЛОЛТЫН ӨМНӨ СЭТГЭЛИЙГ ТАЙВШРУУЛДАГ НЬ ТААЛАГДДАГ  - 

  • Өвөрмонголд хөлбөмбөг тоглох, монголд хөлбөмбөг тоглох хоёр хоорондоо ялгаатай байна уу? Монголд байх ямар байна вэ. Багийнхантайгаа найзууд болж амжсан уу? 
  • Одоогийн баг надад маш сайн. Дандаа намайг дуудаад хоол идэх ч юмуу, чөлөөт цагаараа хамт тоглодог. Би энэ багийн нэг болсноо өөрийн биеийг маш азтай гэж бодож байна. Сүүлийн долоон гоол оруулсан нь манай багийнхан надад гоё сайхан дамжуулалт өгсөнтэй холбоотой. Тэгээд хамаг сүүлийн гоолыг би хийсэн.
  • Хоёр орны дасгалжуулагч нарт тамирчнаа дасгалжуулах арга барилд нь ялгаа байна уу. Та юу гэж ажиглав? 
  • Эндхийн дасгалжуулагч бол тоглолтын өмнө чиний сэтгэлийн талаар бодол хэлнэ. Сэтгэлийин талаар гоё сайхан тайлбарлаж хэлж, “Тайван бай” гэж хэлдэг. Харин өмнөх багийн маань хувьд яаж дамжуулалт өгөх болон дасгалжуулагчийн өөрийнх нь өгсөн зөвлөгөөг биелүүлэх талаар л ярьдаг. Тэрнээс сэтгэлийн талаар бол ярихгүй. 
  • Гэр бүлийнхээ тухай хуваалцаач. Аав ээж нь юу хийдэг хүмүүс вэ? 
  • Миний аав ээж хоёулаа малчин хүмүүс. Манайх ямаатай, зөвхөн ямаатай л байсан. Өвөрмонголд Монгол Улс шиг хаашаа ч хамаагүй нүүдэллэж болохгүй. Зөвхөн өөрийн газартаа л байдаг. Тэрнээсээ гарч болохгүй.  Манай гэр Ордост байдаг. Харин би бага сургуулиа Хөх хотод үзсэн болохоор багадаа олонхдоо байранд суудаг байсан. Тэгээд бараг нэг жилд нэг юмуу хоёр удаа л гэртээ харина. Зөвхөн амралтын хугацаандаа харидаг байлаа. Аав ээж хоёр минь намайг хөлбөмбөг тоглоход их дэмждэг байсан шүү. "Тэг тэг, явж тогло" гээд л. 
  • Тэгвэл аав ээжээсээ хол амьдарч дассан байх нь ээ. Монголд байх ер нь хэр байна вэ? 
  • Хятадад байвал би үргэлж хятадаар л ярина шүү дээ. Монголын орчинд ирэх нь надад гоё сайхан таалагдаж байгаа. Би бас мах идэх дуртай. Монголд ирээд өдөр бүр мах идэх нь гоё байгаа. Би бас монгол хоолноос хуушууранд маш их дуртай.

"Хад" клубийн тамирчин О.Уяхан

  • Цаг агаар, амьдрах орчны ялгаа ажиглагдаж байна уу? 
  • Өвөрмонгол энэ үеэр 20-30 хэмийн дулаан болчихсон байгаа. Энд одоо хүйтэн байна.
  • Монголчуудтай хөлбөмбөг тоглох ямар байна вэ. Өмнөх багаас чинь ч юмуу, өмнөх өрсөлдөгчдөөс ямар ялгаатай байна.  
  • Монголчууд чанга биетэй. Тэр нь хөлбөмбөг тоглоход маш их нөлөөлж байгаа. Биеэрээ түлхээд л их сайн тоглодог. 
  • Хөлбөмбөг тоглоход талбай дээр инээдтэй, хөгжилтэй зүйлс их болдог байх даа. 
  • Багш доороос инээдтэй юм яривал надад хөгжилтэй байдаг. “Уяхаан чи яагаад гүйдэггүй юм. Чи хаашаа гүйж байгаа юм. Талбайгаас гадагшаа гарах юмуу, чи” гэх мэт. Ийм маягтай яривал надад инээдтэй санагддаг.

- ЭМЭГТЭЙ ХҮН ЧАНГА ХАТУУ БАЙХ ХЭРЭГТЭЙ, БИ ХҮНД ЗӨӨЛХӨН ХАРАГДАХ ДУРГҮЙ - 

  • Хөлбөмбөг тоглодог эмэгтэй хүн гэхээр хүмүүсийн хандлага ямар байдаг вэ? 
  • Хүмүүс намайг гаднаас хараад “Чи хөлбөмбөг тоглодог уу” гээд л гайхна шдээ. Тэгэхээр нь би “Аанхаан, би хөлбөмбөг тоглоно” гэж хариулдаг. Миний зүсийг үзвэл би номхон харагдана. Тэгэхээр намайг хөлбөмбөг тоглож чадахгүй гэж хардаг. Эргээд талбай дээр тоглохыг үзээд “Ийм сайн тоглодог юмуу” гээд гайхдаг. Эмэгтэй хүн заавал хүч чадалтай байх хэрэгтэй. Би бол хүнд зөөлхөн харагдах санаа байхгүй. Өөрийн биеэ чанга хатуу маягаар хүнд үзүүлэх санаатай.
  • Чанга хатуу гэснээс, хөлбөмбөг  их чанга хатуу спорт шүү дээ. Өмнө нь бэртэл гэмтэл авч байв уу? 
  • Анх думдаа, нэг удаагийн бэлтгэл дээр би гараа хугалчихсан. Тэгээд бараг нэг сар амарсан байх аа Энэ нэг сарын хугацаанд маш их юм бодсон. “Хүн надаас чанга болчих уу, би одоо тоглож дийлэхгүй” гээд арвин юм бодно.
  • Бид олон сонирхолтой зүйлсийн талаар удаан хөөрөлдлөө. Таны ирээдүйн зорилго, мөрөөдлийн талаар асуугаад ярилцлагаа өндөрлөе. 
  • Би сургуулиа төгсөөд тамирын багш эсвэл Монгол, Англи, Хятад хэлний орчуулагчаар ажиллах сонирхолтой байгаа. Хөлбөмбөгтэй холбоотой хамгийн том мөрөөдөл минь гэвэл эхний ээлжинд Ази тивийн багаас тоглох санал ирвэл би шууд очиж тоглоно. Тэр багтаа сайн тоглож, чадвараа харуулж чадвал Европ тивийн том багт тоглох мөрөөдөлтэй. 
  • Баярлалаа.  



Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө