Хэдхэн жилийн өмнө нийслэлийн төв зам дагуу өндөр нарсууд эгнэж, Улаанбаатарын саарал өнгийг “амилуулсан” тухай албаныхан бахархалтай ярьж байв. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх автозамын голын зурваст 2017 онд 4-6 метр өндөртэй 145 ширхэг нарс мод суулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулсан томоохон тохижилтын ажил гэж танилцуулж байсан нь “Хот, нийтийн аж ахуйн онцлох 225 ажил” тайланд хүртэл тэмдэглэгдсэн байдаг.
-МОД ТАРЬЖ ТӨСӨВ ЗАРЦУУЛДАГ, ДАРАА НЬ АРЧИЛГААГҮЙ ҮХҮҮЛДЭГ, ЭЦЭСТ НЬ “НӨХӨН ТАРИЛТ” НЭРЭЭР АХИН ТӨСӨВ ГАРГАДАГ ТОГТОЛЦОО ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА-
Гэвч өнөөдөр тэдгээр “мөнх ногоон” моддын ихэнх нь шарлаж, хатаж, амьдрах чадваргүй болсон байна. Өөрөөр хэлбэл, нийслэл хэдхэн жилийн өмнө уулнаас өндөр өртгөөр авчирч суулгасан моддоо өнөөдөр дахин устгаж, оронд нь шинэ мод тарих нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Ингэснээр анхны мод тарих ажилд зарцуулсан төсөв дээр дахин сугалж устгах, нөхөн тарих, шинэ мод худалдан авах, дахин усалгааны систем байгуулах зэрэг нэмэлт зардлууд гарч байна. Энэ бол нийслэлийн ногоон байгууламжийн бодлогын хамгийн том асуудал. Өөрөөр хэлбэл, мод тарьж төсөв зарцуулдаг, дараа нь арчилгаагүй үхүүлдэг, эцэст нь “нөхөн тарилт” нэрээр ахин төсөв гаргадаг тогтолцоо олон жил үргэлжилж байгаа юм.
Өвөл эдгээр моддыг гялгар уутаар бүрж, хүйтэн болон утаанаас хамгаалахыг оролдсон ч үр дүнд хүрээгүй. Харин ч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар гялгар уутаар битүү ороосон мод агааргүйдэж, чийгшлийн алдагдалд орсноор ургах чадвар нь улам муудсан гэж үздэг. Өнөөдөр тэнд хэдхэн жилийн өмнө “ногоон байгууламжийн шинэчлэл” гэж сурталчилж байсан нарсуудын оронд хатсан бор өнгөтэй ишнүүд, сэглэж хонхойсон хөрс л харагдана. Хамгийн ноцтой нь, энэ бүхний цаана байгалийн ойгоос модыг бөөнөөр нь шилжүүлэн авчирдаг систем ажилласаар байгаа явдал юм.

Анх уулын модыг хотын төвд авч ирж суулгана гэж байхад ой судлаачид, мэргэжилтнүүд уулын мод хотын төвд ургахгүй, тэр дундаа нарс, шилмүүст, гацуур модод бол ургахгүй гэж зөвлөж байв. Тухайн үеийн хотын дарга Э.Амарсайхан ч мөн “ургуулж чадахгүй байж жил бүр мод тарьж, суулгаж улсын төсвөөр тоглож байна” хэмээн сайшаалтай хандаагүй. Гэвч энэхүү ажлыг санаачилж хэрэгжүүлсэн тухайн үеийн хотын ерөнхий инженер Т.Гантөмөр “хэрвээ энэ модод ургахгүй бол надад хариуцлага тооц” хэмээж байсан нь тодхон санагдана. Түүнээс хойш есөн жилийн хугацаа өнгөрсөн ч мод ургасангүй.
Зөвхөн 2017 онд гэхэд л 700 гаруй сая төгрөг зарж 1900 гаруй уулын модыг Улаанбаатар хотын зарим хэсэгт суулгасан байдаг харин дээрх 145 ширхэг нарс модыг гэхэд л 50-60 сая төгрөг зарцуулж суулгасан гэх албан бус мэдээлэл бий.

Тэгвэл одоо Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх автозамын голын зурваст буюу 2275 м2 газарт 5400 ширхэг модыг улсын төсвөөр дахин суулгах аж. Тус ажлыг Винит ХХК гүйцэтгэхээр шалгарсан байна. Бид гүйцэтгэгч компанитай холбогдоход “ажил эхлээд 10-аад хонож байгаа бөгөөд ойрын хугацаанд дуусгана. Маш их хэмжээний төсөв зарцуулагдаж байгаа, нарийн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр ногоон байгууламж бүхий 126 гудамж бий. Тэдгээрийн арчилгаа, усалгаа, нөхөн тарилтад жил бүр 5.8 тэрбум төгрөг төсөвлөдөг. Хот тохижилтын газар дангаараа нийт төсвийн 50 гаруй хувийг зарцуулдаг. Мөн нийслэлийн зургаан дүүргийн 43 байршилд хувийн хэвшлийн компаниудтай хамтран арчилгаа, усалгаа, нөхөн тарилтын ажил хийдэг байна.
-МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АЖИЛ ӨӨРӨӨ АСАР ӨНДӨР АШИГТАЙ БИЗНЕС БОЛСОН ГЭХЭД Ч ХИЛСДЭХГҮЙ-
Үүнээс гадна “Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахад зориулж ойгоос мод шилжүүлэн суулгахыг зөвшөөрөв” гэх санамж бичгийг Хотын менежер болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар байгуулснаар ойн сангаас мод бөөнөөр нь татах ажил эрчимжсэн талаар байгаль хамгаалагчид шүүмжилдэг. Энэ санамж бичгийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур, Алтанбулаг зэрэг сумдын ойн захаас олон мянган модыг шилжүүлэн суулгах нэрээр авч явсан байдаг. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шандын амнаас зөвхөн цаасан дээрх бүртгэлээр 2000 гаруй модыг шилжүүлэн суулгах нэрээр ухаж авсан гэх мэдээлэл ч бий.
Гэтэл өнөөдөр тэр уулнаас авчирсан моддын нэг хэсэг нь Улаанбаатарт амьдрах чадваргүй болж, дахин сугалж хаягдаж байна. Өөрөөр хэлбэл, байгалийн ой сүйтгэж авчирсан модоо хотод үхүүлээд, дараа нь дахин шинээр мод тарих цикл давтагдаж байгаа юм.
Мод шилжүүлэн суулгах ажил өөрөө асар өндөр ашигтай бизнес болсон гэхэд ч хилсдэхгүй. Компаниуд ойн сангаас нэг нарс модыг 37-39 мянган төгрөгөөр авч, Улаанбаатар хотод 380-600 мянган төгрөгөөр нийлүүлдэг схем ажиллаж иржээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны тушаалаар баталсан ойн экологи, эдийн засгийн үнэлгээгээр 3-4 метр өндөртэй нарс мод 244 мянган төгрөгийн үнэлгээтэй байхад зарим компани түүнээс хэд дахин бага үнээр мод авч байсан байж болзошгүй байгаа юм.

Жишээлбэл, “Энх ногоон газар” ХХК Хүдэр сумаас 500 ширхэг нарс мод авахдаа дунджаар нэг бүрийг нь 39 мянган төгрөгөөр тооцож авсан гэх мэдээлэл бий. Гэтэл эдгээр модыг нийслэлийн ногоон байгууламжийн ажилд нийлүүлэхдээ 10 дахин өндөр үнээр шахдаг тухай албан бус эх сурвалжууд мэдээлсэн байдаг. Ингээд уулнаас хямд үнээр авсан мод хотод ирээд хэдхэн жилийн дараа үхдэг. Дараа нь дахин шинэ модны тендер зарлагдаж, ахин нийлүүлэлт хийгддэг цикл үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, мод үхэх тусам дахин төсөв гардаг бүтэц бий болсон гэсэн үг.