The Hu хамтлагийн АНУ дахь шинэ аялан тоглолт өнөөдөр /2026.05.12/ эхэлж байна. Тус хамтлаг Финландын Apocalyptica болон The Rasmus хамтлагуудтай хамтран АНУ-ын хэд хэдэн хотод тоглолтоо хийхээр болжээ.
Аялан тоглолтын хөтөлбөрт Нью-Йорк, Лас-Вегас, Лос-Анжелес, Техас зэрэг томоохон хотууд багтаад байгаа юм. Эхний тоглолт Maryland мужийн Silver Spring хотод болох бөгөөд үргэлжлүүлэн, тавдугаар сарын 13-нд Нью-Йорк хотын Palladium Times Square-д, тавдугаар сарын 30-нд Лас-Вегаст, зургадугаар сарын 6-нд Лос-Анжелес хотын The Wiltern театрт тоглохоор товложээ.
Олон улсын рок хөгжмийн хэвлэлүүдийн мэдээлснээр энэ нь The Hu хамтлагийн Хойд Америк дахь хамгийн өргөн хүрээтэй аялан тоглолтуудын нэг болж магадгүй байна. Мөн тус хамтлаг энэ онд Европ, Их Британийн аялан тоглолтоо зарлаад байгаа бөгөөд Iron Maiden хамтлагийн 50 жилийн ойн тоглолтод оролцохоор болсон талаар мэдээлжээ.