2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгын дүн гарлаа

2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгын дүн гарлаа

Нийслэлийн удирдлагууд иргэдийн амьдарч буй орчныг сайжруулахад ямар ажил хийх хэрэгтэйг иргэдээс өөрсдөөс нь асуудаг жишгийг 2013 оноос бий болгож Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг жил бүрийн нэгдүгээр улиралд зохион байгуулж ирсэн. 

Өмнөх жилүүдэд иргэдийн саналыг цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2020 онд Нийслэлийн иргэд бүрэн онлайн хэлбэрээр буюу ухаалаг утасны SmartUb аппликэйшнийг ашиглан саналаа өгсөн юм. Энэ жилд улсын хэмжээнд Орон нутгийн хөгжлийн санд (ОНХС) 188 тэрбум төгрөг төсөвлөгдсөн ба үүнээс Нийслэлийн хэмжээнд хуваарилагдсан 27 тэрбум төгрөгийг ямар ажилд зарцуулахыг иргэд өөрсдөө шийдсэн юм.

Цахим санал асуулга Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд 2020 оны 3-р сарын 1-ээс 4-р сарын 20-ны хооронд 50 хоног явагдаж дүнгээ ийнхүү гаргалаа.


Санал асуулгад Нийслэлийн 18-аас дээш насны 806 мянган иргэн оролцох боломжтойгоос 347 мянган иргэн саналаа өгсөн нь нийслэлийн хэмжээнд 43,07 хувийн оролцоотой байна. Санал өгсөн иргэдийн 159 мянга нь эрэгтэй, 187 мянга нь эмэгтэй байлаа.

Санал асуулгад хамрагдсан иргэд ирэх 2021 онд ОНХС-ийн хөрөнгөөр тухайн хороо, дүүрэг, амьдарч буй орчиндоо камержуулалтын ажил хийлгэх саналыг хамгийн их өгсөн байна. Үүнээс үзэхэд иргэд аюулгүй орчинд амьдарч, оршин суухыг хамгийн ихээр хүсэж байгааг харж болно. 

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа нь ийнхүү иргэдийн оролцоотой төлөвлөлт хийх буюу иргэдээс авах санал асуулгын ажлаа амжилттай явуулж дууссан бол үргэлжлүүлэн төслийн үнэлгээ эрэмбэлэлт, хэрэгжилт болон худалдан авах ажиллагаа,  хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн үе шатаар цаашид ажлууд зохион байгуулагдах юм.