Иргэдийн 792 мянган төгрөг хүртэлх орлогод татвар ногдуулахгүй, 2 сая хүртэлх орлогод 1 хувийн татвар авахаар төсөлд тусгажээ

Иргэдийн 792 мянган төгрөг хүртэлх орлогод татвар ногдуулахгүй, 2 сая хүртэлх орлогод 1 хувийн татвар авахаар төсөлд тусгажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр анхаарал татсан нэг асуудал бол хувь хүний орлогын албан татварыг хэрхэх вэ гэх асуулт байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн барьсан хувь хүний орлогоос 1 хувь авдаг болох тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан хуультай нэгтгэсэн байдаг. 

Тэгвэл хувь хүний орлогын татварын тухайд Сангийн яамны Татвар бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн "ХХОАТ-т шаталсан татварын бодлогыг Монгол Улс 1990 оноо хэрэгжүүлж ирсэн. 2007 оноос 10 хувийн татвартай болж, 2022 он хүртэл хэрэглэсэн. 2022 оноос орлогын түвшнээс хамаарч 10, 15, 20 хувийн татварын шатлалыг оруулсан. Энэ өөрчлөлтийг оруулахад 2022 онд иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэцээс Их олж байгаа орлогод илүү татвар ногдуулах нь илүү шударга бөгөөд Үндсэн хуульд нийцэж байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Дэлхийн улс орнуудын дийлэнх нь шаталсан татварын тогтолцоог хэрэгжүүлдэг. Энэ удаагийн өөрчлөлтөөр 0 хувь, 1 хувь гэсэн өөрчлөлт оруулж ирсэн. Иргэдийн 792 мянган төгрөг хүртэлх орлогоос 0 хувь буюу татваргүй. 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогоос 1 хувийн татвар авах нь ажил хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд хамааралтай шатлалын зохицуулалт юм. ХХОАТ бол сум, дүүргийн төсвийг бүрдүүлдэг. Нийт сум, дүүргийн 10-79 хүртэл хувь нь ХХОАТ-аас орлогоо бүрдүүлж байна. Тэгэхээр сая дурдсан хоёр шатлал нэмбэл 2027 онд 840 тэрбумаар орлого тасрах тооцоолол бий. Тэгэхээр төсвөөс татаас өгч шийдвэрлэхээр Ажлын хэсэгт ярилцсан" гэв.