Форбс сэтгүүл Кэни Уэстийг албан ёсоор тэрбумтан болсныг зарласнаас хэдхэн өдрийн дараа тэр Чикагогийн өмнөд хэсэгт байрлах өөрийн бага насаа үдсэн байшинг эргүүлэн худалдан авчээ.
Тэрбээр байшингаа 225 мянган ам.доллараар худалдан авсан бөгөөд нэмж 60 мянган ам.доллараар засвар хийх шаардлагатай аж.
Байшинг өмнө нь Уэсттэй холбоотой нэгэн буяны байгууллага эзэмшиж байсан гэнэ. Тус буяны байгууллага "Дондагийн байшин" буюу Уэстийн 2007 онд нас барсан ээжийнх нь нэртэй аж. Тус буяны байгууллага байшинг 2016 онд худалдан авч хүүхдүүдэд туслах төв болгохыг төлөвлөж байсан гэнэ.
Уэстийн гэр бүл анх энэ байшингаа 1980 онд худалдаж аваад 2004 онд зарсан байна.
Дээрх төлөвлөгөө нурснаас хойш Уэстийн байшин хэдэн жилийн турш хогоор дүүрсэн балгас болон хоцорсон байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар байшинг зассанаас нураагаад дахиж барих нь хямд тусах гэнэ.