ЧУУЛГАН: Засгийн газарт төсвийн эрх олгож, УИХ-ын түр хороо хянана

ЧУУЛГАН: Засгийн газарт төсвийн эрх олгож, УИХ-ын түр хороо хянана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас өргөн мэдүүлсэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийy анхны хэлэлцүүлгийг явуулав. 

Хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагааг зохицуулжээ. Тухайлбал, СОVID-19 цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаар тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ. Мөн СОVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйл тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсныг танилцуулгад дурджээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-ын зөвлөл, Ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 53 саналыг нэгтгэн хэлэлцжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн асуултад төслийн ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулсан юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулахдаа, Ерөнхийлөгч, АН-ын зөвлөлийн болон гишүүдийн тодорхой саналыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг онцлов. Тухайлбал, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг дэмжсэн бодлогыг оруулах, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох зэрэг саналыг төсөлд ерөнхийлөн тусгасныг тодотгов. Мөн төсөлд, зарим обьектийг эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд авахаар тусгасан бөгөөд хямралын эсрэг ажилд зориулж тусгай санг арвижуулах эрхийг Засгийн газарт олгохоор боловсруулсан гэж байлаа. 

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, төсвийн тодотгол хийж үр ашиггүй хөрөнгийг Гамшгийн эсрэг сан байгуулж хуримтлуулах санал гаргахын зэрэгцээ, АН-ын зөвлөлийн саналыг хэрхэн харгалзаж байгаа болон өмнө нь анхааруулж байсан хуулийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулав. 

Үүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулахдаа, "Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх асуудлыг Төсвийн хуулиар зохицуулна гэж тусгасан. Ажлын багаас, Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө гэж өөрчилсөн тул хуулийн зөрчил гарахгүй. Мөн УИХ-ын онцгой бүрэн эрхийг шилжүүлж байгаа бусад орны туршлагыг судалж, УИХ-ын түр хороо байгуулахаар шийдэл гаргасан. Ингэснээр, Засгийн газарт төсөв захиран зарцуулах эрх олгож Түр хороо хянана. Өөрөөр хэлбэл, УИХ төсөвтэй холбоотой онцгой бүрэн эрхээ шилжүүлээгүй, өөртөө хадгалж байгаагаар зохицуулсан гэлээ. Энэхүү түр хороонд УИХ-ын байнгын хороодын төлөөлөл, цөөнхийн төлөөлөл орж УИХ-д сар бүр ажлаа тайлагнах аж.

Мөн тэрбээр, Ерөнхийлөгч хямралын эсрэг сан байгуулах санал гаргасан ч шинэ сан байгуулбал хугацаа алдана гэдгийг тэмдэглэв. Тиймээс төсөлд хямралын үед холбогдох тусгай сангуудыг арвижуулах гэсэн заалт оруулсан. Хариуцлагын хувьд, Зөрчлийн хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байгаа. Ингэхдээ, онцгой дэглэмд санаатай саад учруулсан, олон нийтийг төөрөгдүүлэх худал ташаа мэдээ тараасан иргэнийг 500 нэгж, аж ахуйн нэгжийг 5000 нэгжээр торгохоор тусгасан гэж байлаа.

Гишүүд асуулт асууж, тодруулан, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй 53 саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэв. Мөн хуулийг дагаж өргөн мэдүүлсэн Гамшгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн төсөл санаачлагчид буцаахыг дэмжлээ.  Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо COVID-19 цар тахалтай холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ. Ингээд 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар, хууль, тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэх юм.