Л.Мөнхтүшиг: АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах гурван нислэгээр 800 иргэнээ авчирна

Л.Мөнхтүшиг: АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах гурван нислэгээр 800 иргэнээ авчирна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгээр иргэдээ татан авах ажлын талаар "УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. Зорчигчыг сонгон шалгаруулах тал дээр байнга асуудал гардаг. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авахаар гурван тусгай нислэгийг хийх гэж байна.

Эхний буюу дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч, тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 тус тус зорчигч ирнэ.

Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь бага насны хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнээ аваад явж байгаа гэж ойлгож болно.

УОК-д ирж байгаа өргөдөл дээр эрүүл мэндийн шалтгаан зонхилж байгаа. Тиймээс ЭМЯ, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаад аль нь хуурамч вэ гэдгийг тогтоогоод явж байна.

Ингээд иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаад МИАТ компанид хүргүүлсэн. Гэсэн ч транзит нислэгийн хувьд асуудал гарсан. БНСУ-аас транзит нислэгээр ирж байгаа иргэдэд нэмэлт шаардлага тавьж өөр улсаас ирж байгаа иргэн 24 цагаас илүү хугацаагаар Инчеон олон улсын нисэх онгоцны буудал дээр байлгахгүй байх болсон. Тиймээс транзит нислэгийн хувьд онгоц наашаа хөөрөх хүртэл нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох магадлалтай" гэв.