Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон Дэлхийн морьтнууд ТББ-аас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилгаа танилцууллаа.
Дэлхийн морьтнууд ТББ-ын тэргүүн Ю.Үнэнбүрэн “Монгол адуунд төрийн дээд цол олгох нь түүний генофондыг хамгаалах, цэвэр цусны байдлыг хадгалах, эрлийзжүүлэлтийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг улс төр, нийгмийн сэтгэл зүйн түвшинд баталгаажуулна гэж үзжээ. Дэлхийн адууны түүхийг ярихын тулд монгол морины түүхийг заавал ярьдаг юм. Монгол адуу бол монгол үндэстний ялагдашгүй хүч, тусгаар тогтнолын багана. Монгол адуу бол гайхамшигтай адуу байсан юм шүү, энэ адууны нуруун дээр монголын түүх бичигдсэн юм шүү гэдгийг хойч залуу үедээ зөв төлөвшүүлж, уламжлуулахын тулд, Монгол адууг аврах ганцхан арга бол Баатар цолыг нь олгох. Ингэхээр идэж болохгүй гэсэн асуудал яригдана. Тиймээс монгол адууны дэлхийн түүхэнд байгуулсан гавьяанд нь Баатар цол олгох хэрэгтэй” хэмээн ярилаа.
Ингэхдээ Монгол Улсын Цол, одон медалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулж, "Монгол Улсын Баатар" цолыг түүхэн онцгой гавьяа байгуулсан "Үндэсний бахархалт амьд биет"-д олгох эрх зүйн үндэслэл бүрдүүлэх хэрэгтэй гэв. Мөн энэхүү цолыг дагалдуулан монгол адууны генофондыг хамгаалах төрийн тусгай хөтөлбөрийг эрчимжүүлэх, үндэсний их баяр наадам болон бусад соёлын арга хэмжээнд монгол адууны үнэ цэнийг нэмэгдүүлэхийг уриаллаа.
ВИДЕО: