Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Засаглал, эрх зүйн хороо хуралдаж, нийт найман асуудал хэлэлцсэнээс долоог нь НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжиж, нэг асуудлыг буцаалаа.
Тодруулбал, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй. Тус байгууллага нөөцөд байгаа 180 автобусыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хот хоорондын чиглэлд ашиглах санал танилцуулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “Нийтийн тээврийн хүртээмж, аюулгүй байдал, үйлчилгээний чанар нийслэлд тулгамдсан хэвээр байгааг онцолж, нийтийн тээврийн байгууллага орлого нэмэгдүүлэх зорилгоор нөөц автобусаа орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй” гэж үзжээ.
Тэрбээр "Төр хувийн хэвшлийн бизнесийн орон зайд хэт оролцох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн бөгөөд хорооны гишүүдийн олонх уг саналыг дэмжээгүй тул буцаах шийдвэр гаргалаа. Мөн хуралдаанаар төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн 419 мянган сурагчийн эрх ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Сургуулийн эргүүлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит VII хуралдаанд танилцуулахаар болов". Энэхүү журмын өөрчлөлтөд:
- “School police” буюу сургуулийн эргүүлд оролцож буй эцэг, эхэд ажил олгогчоос бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох
- Сургуулийн орчимд ажиллах эцэг, эхийн тоог 4-өөс 6 болгон нэмэгдүүлэх
- “Төлбөртэй эргүүл” гэх хэлбэрийг таслан зогсоох зэрэг саналуудыг тусгасан байна.
Албаныхны мэдээлснээр эцэг, эхчүүд жилд нэг удаа “School police”-д оролцсоноор сургуулийн орчим дахь гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнээс гадна сургуулийн орчинд ухаалаг камерын системийг нэвтрүүлэхэд нийслэлийн зүгээс анхаарч байгаа нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад бодит үр дүн өгч байгааг онцоллоо.