НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад нийслэлийн агаарын зорчих хөдөлгөөн, агаарын дэд бүтцийн сүлжээг хөгжүүлэх төслийг нэмж оруулах асуудлыг хэлэлцжээ.
Төслийн талаар “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням танилцуулахдаа нийслэлд яаралтай тусламжийн агаарын тээврийн хэрэгцээ өндөр байгааг онцоллоо. Одоогийн байдлаар төрийн өмчийн нисдэг тэрэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг цөөн байршилд буух боломжтой ч эдгээр зогсоол нь стандартын шаардлага хангахгүй болж, бүрэн ашиглагдахгүй байгаа аж.
Тэрбээр “Хот, хөдөөгийн яаралтай тусламж, гал түймэр унтраах, эрэн хайх ажиллагаа, эм эмнэлгийн хэрэгсэл хүргэх зэрэгт агаарын тээвэр зайлшгүй шаардлагатайг дурдсан юм. Өнгөрсөн онд эрүүл мэндийн байгууллагуудад ирсэн 700 мянга гаруй дуудлагын 115 мянга нь амь насанд аюултай ангилалд багтсан бөгөөд үүний 30 хувьд нь 20 минутаас дээш хугацаанд хүлээлт үүссэн нь өвчтөний нөхцөл байдлыг хүндрүүлэх шалтгаан болжээ. Мөн Онцгой байдлын байгууллагад ирсэн 50 мянга гаруй дуудлагаас 5 мянга нь өндөр эрсдэлтэй байсан ч нисдэг тэргээр ердөө 10 хувьд нь л хүрч үйлчилж чадсан байна. Харин агаарын тусламжийг хөгжүүлснээр HEMS судалгаагаар амь аврах үр нөлөө 30-50 хувиар өсөж, жилд дунджаар 10,500 хүний амь насыг аврах боломжтой гэж тооцоолжээ. Иймд төслийн хүрээнд нисдэг тэрэгний буудлуудыг шинээр байгуулах, бага болон дунд оврын онгоц, нисдэг тэрэг, жирокоптер, дрон зэрэг агаарын тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн” гэв.
Судалгаагаар дараах байршлуудад нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар авч үзэж байна. Үүнд:
- Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дарь-Эх цогцолбор
- Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Өргөө амаржих газрын орчим, Сэлбэ гол дагуу
- Хан-Уул дүүргийн 3-р хороо, Наадамчдын гүүрний баруун талд
- Баянзүрх дүүргийн 6-р хороо, Сэлбэ дэд төв
- Сүхбаатар дүүргийн 8-р хороо, С.Зоригийн гудамж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн орчим
- Хан-Уул дүүргийн 21-р хороо, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төв эмнэлэг
Нийслэлд анхны нисдэг тэрэгний зогсоолыг 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна байгуулж, яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн түүхтэй. Харин “Улаанбаатар түншлэл төв” ХХК нь 2025 онд Засгийн газар, НИТХ-ын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд цахим шийдэл нэвтрүүлэх, төслийн сан бүрдүүлэх, санхүүжилт шийдвэрлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компанийн дүрмийн сангийн хөрөнгө 4.8 тэрбум төгрөг байна.