"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх шийдвэр гаргалаа.
Тус санхүүжилтээр нийт 7 нэр төрлийн, 9 ширхэг орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг худалдан авах боломж бүрдэж байна. Үүнд гемодиализын иж бүрэн аппарат, зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, хүүхдийн хэт авиан оношилгооны аппарат, хүүхдийн дурангийн иж бүрдэл, дижитал рентген аппарат зэрэг багтаж байгаа юм. Эдгээр тоног төхөөрөмж нь эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, зөвхөн Дархан-Уул аймаг төдийгүй төвийн бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайлбал, Нэгдсэн эмнэлэгт нярайн зулай, хэвлий, тархи, зүрх судасны оношилгоо хийх зориулалттай орчин үеийн хүүхдийн эхо датчиктай аппарат өмнө нь байгаагүй бөгөөд уг санхүүжилтийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Ингэснээр иргэд Улаанбаатар хотыг зорин оношилгоо хийлгэх шаардлага буурч, цаг хугацаа болон зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Мөн гемодиализын иж бүрэн аппаратыг шинээр суурилуулснаар бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдийн эмчилгээний хүлээгдэл тодорхой хэмжээнд буурах хүлээлттэй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг дэмжих чиглэлд нийгмийн хариуцлагын бодлогоо тууштай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэд бүтцийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийллээ.