Монгол Улсын Гарьд Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан энэ сарын 09-ний /2026.04.09/ болохоор товлогдоод байсан ч шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм.
Тодруулбал Өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдаг.
Харин Н.Өсөхбаяр дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Үндэсний спортын арбитрт гомдол гаргаснаар түүний гомдлыг хэлэлцэхээр болсон юм.
Тэгвэл Үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаярын өргөдөлтэй “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан ирэх баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр товлогджээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.