ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг найман жилээр олгож эхэллээ

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг найман жилээр олгож эхэллээ

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар ЖДҮХС-гаас олгох хөнгөлөлттэй зээлийг найман жилийн хугацаатай, таван хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосныг тус яам мэдээлэв.

ЖДҮХС-гаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг хоёр жилээр сунгаж долоо болголоо. Харин зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг хоёр хүртэл жилийн хугацаагаар сунгах юм байна. ХХААХҮЯ-ны судалгаагаар, ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа таван жил байгаа.

Тодруулбал,100 сая төгрөгийн зээл авсан нэг аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа таваг жил байгааг хоёр жилээр сунгахад 8-20 сая төгрөг хэмнэх юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэнэ. Энэ хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд эерэгээр нөлөөлөх ажээ. Сайдын дээрх тушаалаар зээлийг хууль журамд түргэн шуурхай нийцүүлэн, баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, үнэлгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн бичиг баримт бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхийг ХХААГ, ЖДҮГ-т үүрэг болгожээ.

Тухайлбал, ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авах төсөл хүлээн авах хугацааг 30, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоног, холбогдох бичиг баримт, зээлийн гэрээг хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногт багтаан зээлдэгчид зээл олгох юм. ЖДҮХС нь энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр багасах ч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэх боломжтой ажээ.