БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Ногооннуур-1008 айлын орон сууц” төслийн барилга угсралтын ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн.
ВИДЕО:
Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчмын 4.2 га талбайг чөлөөлж, газраа чөлөөлсөн өрхүүдийг орон сууцжуулах зорилт тавьсан юм. Гэр хорооллын яндангийн тоог бууруулах, иргэдийг орон сууцжуулах ач холбогдол бүхий уг төсөл хэрэгжилтийн шатандаа орж, оршин суугчдаа хүлээн авч эхлээд байна. Гэвч тус хорооллын гадна хаягжилт олон нийтийн анхаарлыг татаж эхэлжээ.

Тодруулбал, 21 давхар найман блок бүхий орон сууцны барилгуудын гадна хэсэгт хятад ханз болон англи хэлээр хаяг байршуулсан байна. Ханз үсгээр “中国援助” буюу “Хятадын тусламж”, англиар “CHINA AID” хэмээн бичсэн боловч кирилл монгол бичвэр огт байхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

Иргэдийн зүгээс уг хаягжилтыг Монгол Улсын хууль, стандарттай нийцэж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Тус орчмын нэгэн иргэн “Баригдаж эхлэх үеэс нь энэ хаягийг харж байсан. Манай улс тусгаар тогтносон улс учраас гадаад хэлээр дангаар нь хаяглах нь зохимжгүй санагддаг” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, орон сууцны хорооллын гадна хаягжилтыг НИТХ-ын 2022 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг.
Уг шаардлагад барилга байгууламжийн хаягийг заавал кирилл үсгээр алдаагүй бичих, гадаад хэл ашиглах тохиолдолд монгол бичвэрийн доод эсвэл ар талд, хоёр дахин бага хэмжээгээр байрлуулах ёстойг тусгасан байдаг. Мөн уйгаржин монгол бичгийг давхар ашиглах боломжтой гэж заасан.
Гэвч “Ногооннуур-1008” хорооллын хувьд дээрх шаардлагууд хангагдсан эсэх нь тодорхойгүй, бодит байдал дээр кирилл хаяг огт байрлуулаагүй байгаа нь стандартаас зөрчсөн нөхцөл үүсгэж байна.

Нөгөө талаас, уг төсөл нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй тул донор улсын нэр, оролцоог илэрхийлэх хаяг, тэмдэглэгээ байрлуулах нь олон улсын жишигт байдаг. Гэвч энэ нь хүлээн авагч улсын хууль, хэлний бодлого, стандарттай хэрхэн нийцэх ёстой вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

Одоогоор холбогдох байгууллагууд энэ асуудалд албан ёсны тайлбар өгөөгүй байна. Иргэдийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, холбогдох яамд болон нийслэлийн стандартын асуудал хариуцсан байгууллагад хандах боломж нээлттэй байгаа юм.
.jpg)