Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн НҮБ-ын Удирдлагын багийн хамтаар 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Улаанбаатар хот дахь Солонгосын виз мэдүүлгийн төвд зочиллоо. Төлөөлөгчдийг ОУШХБ-ын Монгол дахь Салбарын захирал, доктор Ёко Фүжимура хүлээн авч уулзав.
БНСУ-ын Хууль зүйн яамны хүсэлтээр 2020 онд байгуулагдсан тус төв нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын өсөн нэмэгдэж буй зорчих хөдөлгөөнийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус яамны мэдээлснээр 2025 онд Монгол Улсын 176 мянга гаруй иргэн БНСУ-ыг зорьжээ.
Солонгосын виз мэдүүлгийн төв өдөрт дунджаар 500–600 визний материал хүлээн авч бүртгэдэг. Тус төвийн Багийн ахлагч Инсук Жүн 2020 оноос хойш 600 мянга гаруй хүнд виз мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ үзүүлснийг онцлов.
Монгол Улсад БНСУ-ын виз мэдүүлэх үйл явц нь зөвхөн тус төв болон эрх бүхий 13 агентлагаар дамждаг нь залилан, хууль бус зуучлалыг бууруулах, хүлээлгийн хугацааг багасгах, ил тод, өргөдөл гаргагчид ээлтэй үйлчилгээг бүрдүүлэхэд чиглэдэг бол виз олгох шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яам гаргадаг.
Энэхүү айлчлалаар визний үйлчилгээг аюулгүй, ил тод, шуурхай хүргэхийн ач холбогдлыг онцолж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа Зорилт 10.7-д нийцсэн аюулгүй, эмх цэгцтэй шилжилт хөдөлгөөнийг дэмжиж буй бодит жишээтэй танилцлаа.
Эх сурвалж: Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага