Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангид зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар Прокурорын байгууллагаас хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, хэрэгжилтийн талаарх мэдээллийг хэлэлцэв. Мөн “Сонор сэрэмж 2026” аян болон Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Аюулгүй гудамж 2026” аяны явц, үр дүн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцжээ. Хурлыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо удирдан явуулсан бөгөөд дүүргийн шударга байдлын үнэлгээг сайжруулах зорилгоор нутгийн захиргааны байгууллагуудын ил тод, нээлттэй байдлыг хангах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртал, чирэгдлийг бууруулах, мөн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж баталсан байна.