Дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол зургаа дахин өсчээ

Дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол зургаа дахин өсчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед зэрэг бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, 2022–2025 онд зургаан дахин өссөн байна.

Тус үзүүлэлтээр 2022 онд 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 305, 2024 онд 532 болж өссөн бол 2025 онд 2792 хүн гэмтэж, бэртсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний хооронд гэхэд л цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Осолд өртсөн иргэдийн 73 хувь нь эрэгтэй, 27 хувь нь эмэгтэй байв.

Осол гарах нөхцөлийг авч үзвэл мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуйгаар зорчиж байх үед онхолдох, мөн суудлын автомашинд мөргүүлэх тохиолдол зонхилжээ. Тухайлбал мопедтой зорчих үед 51.8 хувь нь онхолдсон бол 37 хувь нь машинд мөргүүлсэн байна. Харин скүүтер, суррон, цахилгаан дугуйн хувьд онхолдох тохиолдол 63–66 хувийг эзэлжээ.Явган зорчиж байх үед ч бичил тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх осол гарч байгааг мэдээлэл харуулж байна.

Хамгаалах малгайны хэрэглээ маш бага байгааг судалгаа харуулсан бөгөөд осолд өртсөн иргэдийн ердөө 12.5 хувь нь хамгаалах малгай өмссөн байсан бол 87.5 хувь нь малгайгүй байжээ. Мөн 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон байна. Гэмтлийн төрлөөр толгойн гэмтэл 27 хувийг эзэлж тэргүүлсэн бол өвдөг, шилбэний гэмтэл 25 хувь, шагай болон тавхайн гэмтэл 16.6 хувь, бусад төрлийн гэмтлүүд үлдсэн хувийг эзэлжээ.Эрүүл мэндийн байгууллагууд бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор хамгаалах хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний соёлыг сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.