Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Увс аймгийн Давст суманд ой, хээрийн гал түймэр гарч, алба хаагчид шуурхай ажиллан цурамд оруулжээ.

Тодруулбал, Давст сумын 1 дүгээр багийн “Баруун мод” гэх газарт (аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн зүгт 2 км) ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18:45 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 41 дүгээр анги, Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэдийн нийт 108 хүн, 8 автомашин, 13 мотоциклтойгоор галыг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Шуурхай арга хэмжээний үр дүнд гал түймрийг 20:11 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар гал түймэрт 4 га орчим талбай өртөж шатсан байна.