ААШТ-ээс манай жүдочид хоёр алт, нэг хүрэл медаль хүртээд байна

ААШТ-ээс манай жүдочид хоёр алт, нэг хүрэл медаль хүртээд байна

БНХАУ-ын Ордос хотод Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өчигдөр /2026.04.16/  эхэлсэн.  Манай улсын баг одоогоор хоёр алт, нэг хүрэл медаль хүртээд байна. 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд Үндэсний шигшээ баг, Гүрү Дорж дэвжээний тамирчин, Улаанбаатар их дуулгын мөнгөн медальт, ӨҮДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Нандин-Эрдэнэ барилдав. Тэрээр алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Сита Кадембоеваг нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялснаар анх удаа тивийн түрүүг хүртлээ. 

Эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Үндэсний шигшээ баг, Женко клубын тамирчин Душанбе их дуулгын аварга, ӨҮДАШТ-й мөнгөн медальт Ж.Анударь алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Лазиза Хайдароватай барилдаж нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялснаар мөн анх удаа тивдээ түрүүллээ. 

Мөн -60кг /жин/-д Үндэсний шигшээ баг, Шинэ Бадрах дэвжээний тамирчин ОУХМ Т.Түмэнжаргал барилдав. Тэрээр Казахстан улсын тамирчин Аман Бахытжаныг нэмэлт цагт даралтад оруулан, юүко үнэлгээ авснаар анх удаа тивийн аваргаасаа хүрэл медалийн болзол хангасан юм.