Мөнгөн усыг бусдад борлуулах зорилготой хадгалж байсан хэргийг илрүүлжээ

Мөнгөн усыг бусдад борлуулах зорилготой хадгалж байсан хэргийг илрүүлжээ

ДЭМБ-аас хүний эрүүл мэндэд хамгийн хортой бодисуудын нэгт тооцогддог мөнгөн усыг хууль бусаар хадгалж, бусдад худалдахыг завдсан хэрэг Экологийн цагдаагийн алба илрүүлжээ.

Тодруулбал, энэ сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий этгээдүүд их хэмжээний мөнгөн ус хадгалж байсныг тогтоон, 9.2 килограммыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөнгөн ус нь байгаль орчинд задарч алга болдоггүй, харин химийн хэлбэрээ өөрчлөн улам хортой шинж чанартай болдог онцгой аюултай бодис юм. Хүний биед агаар, ус, хоол хүнсээр дамжин нэвтэрч, тархи, мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээдэг. Түүнчлэн жирэмсэн эхээс урагт, эхийн сүүгээр нярайд дамжин ноцтой хор уршиг учруулж, хараа, сонсголын бэрхшээл, оюуны хомсдол, саажилт үүсгэх эрсдэлтэй. Хууль эрх зүйн хувьд мөнгөн ус нь Монгол Улсад хориглосон, хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтад багтдаг бөгөөд Монгол Улс Минамата конвенц-д 2015 онд нэгдэн орж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд зааснаар химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан зэрэг үйлдэлд торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жилийн хорих ял оноохоор заажээ. Ийм төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар иргэд Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарт мэдээлж, хамтран ажиллахыг албаныхан уриаллаа.