Л.Бат-Очир: “Цагдаа судлал” хөтөлбөрөөр суралцсанаар БНСУ-ын Вүүсок их сургуулийн “Кибер гэмт хэрэг судлал” хөтөлбөрт шилжин хос дипломтой төгсөх боломжтой

Л.Бат-Очир: “Цагдаа судлал” хөтөлбөрөөр суралцсанаар БНСУ-ын Вүүсок их сургуулийн “Кибер гэмт хэрэг судлал” хөтөлбөрт шилжин хос дипломтой төгсөх боломжтой

Цагдаагийн сургуулийн сургалтын хөтөлбөр, элсэлт болон олон улсын хамтын ажиллагааны талаар Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Очиртой ярилцлаа.

-Цагдаагийн сургууль нь ямар хөтөлбөрүүдээр элсэлт авч байгаа вэ?

— Манай сургууль бакалаврын дөрөв, мэргэшүүлэх хоёр, магистрын дөрөв, докторын нэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тодруулбал, бакалаврын түвшинд “Цагдаа судлал”, “Мөрдөх алба”, “Дотоодын цэрэг судлал”, “Кибер гэмт хэрэг судлал” гэсэн хөтөлбөрүүдтэй. Мөн мэргэшүүлэх түвшинд “Цагдаа судлал”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлал”, магистрын түвшинд “Цагдаа судлал”, “Гэмт явдал судлал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Кибер гэмт хэрэг судлал”, докторын түвшинд “Гэмт явдал судлал” хөтөлбөрөөр элсэлт авч байна. “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшсэн цагдаагийн алба хаагч бэлтгэдэг. Оюутнууд эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж, хүний эрхийг хүндэтгэдэг, хууль дээдлэх зарчимд суурилсан, ёс зүйтэй мэргэжилтнүүд болон төгсдөг. “Мөрдөх алба” хөтөлбөр нь мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай онолын суурь мэдлэг, эрх зүй, харилцаа болон ёс зүйн ур чадвартай мөрдөгч бэлтгэдэг. Төгсөгчид цагдаагаас гадна АТГ, Тагнуулын байгууллага зэрэг хууль сахиулах салбарт ажиллах боломжтой. “Кибер гэмт хэрэг судлал” нь кибер орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилготой. “Дотоодын цэрэг судлал” нь нийтийн аюулгүй байдал, дэг журмыг хангах чиг үүрэгт нийцсэн, бие бялдар, сэтгэл зүй, ёс зүйн өндөр бэлтгэлтэй алба хаагчдыг бэлтгэдэг.

-Танай сургуульд элсэхийн тулд ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ёстой вэ. Мөн босго онооны талаар мэдээлэл өгнө үү?

-Хөтөлбөр бүрийн хувьд нийгэм судлал болон англи хэлний хичээлээр элсэлт авна. Босго оноо нь:

  • “Цагдаа судлал” – 480
  • “Мөрдөх алба” – 500
  • “Дотоодын цэрэг судлал” – 450
  • “Кибер гэмт хэрэг судлал” – 500

Элсэгчид эдгээр хоёр хичээлийн аль өндөр оноогоороо бүртгүүлэх боломжтой.

-Энэ жил эмэгтэй элсэгч авах уу?

— Тийм. Энэ жил бакалаврын дөрвөн хөтөлбөрт нийт 62 эмэгтэй сонсогч элсүүлнэ.

-Оюутан солилцооны хөтөлбөр байдаг уу?

— Манай сургууль олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Тухайлбал БНСУ-ын ВҮҮСОК их сургуультай хамтарсан 2+2+1 хөтөлбөрийн хүрээнд суралцаж, давхар дипломтой төгсөх боломжтой. Мөн БНСВУ-ын Ардын Цагдаагийн Академи болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуультай хамтран оюутан солилцооны 3 сарын богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлдэг.