Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц орчимд явган хүний гүүрэн байгууламж барих ажил маргааш /2026.04.17/ эхэлнэ. Төслийн хүрээнд 90 метр урттай явган хүний гүүр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд уг ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан Найрамдлын зам дагуух авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг дөрөвдүгээр сарын 17-ны өглөөний 08:00 цагаас дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, замын зорчих хэсгийг нэг эгнээ болгон хөдөлгөөнийг зохицуулах юм байна. Албаныхны мэдээлснээр гүүрэн гарц ашиглалтад орсноор явган зорчигчид авто болон төмөр замын хөдөлгөөнөөс тусгаарлагдан, илүү аюулгүй зорчих нөхцөл бүрдэх аж. Мөн гүүрийг гурван орц, гарцтай байхаар төлөвлөж, рамп, пандус суурилуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бүх насны хүмүүс саадгүй зорчих боломжтой болох юм. Иймд жолооч нарыг дээрх хугацаанд тухайн замаар зорчихдоо байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.