БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно.
Тэмцээнд 19 орны 197 (эрэгтэй 108, эмэгтэй 89) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор 18 тамирчин оролцох юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн
- 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал,
- 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж,
- 73 кг-д О.Уранбаяр,
- 81 кг-д О.Шинэбаяр,
- 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ,
- -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ,
- +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн
- 48 кг-ын жинд Ж.Анударь,
- 52 кг-д М.Нандин-Эрдэнэ,
- 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар,
- 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн,
- 70 кг-д С.Лхагвадулам,
- -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо,
- +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын баг тамирчдын анхны алтан медалийг олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлийн тэмцээнээс Монголын жүдочид дөрвөн медаль хүртжээ.