The Hu хамтлагийнхан Австралид саатсан учир эх орон руу гаа буцах хүсэлт гаргажээ

The Hu хамтлагийнхан Австралид саатсан учир эх орон руу гаа буцах хүсэлт гаргажээ

“The Hu” хамтлагийнхан Австрали улсад аялан тоглолтоор явж байхад нь шинэ коронавирусийн хориг тавигдсаны улмаас тус улсад хоёр сар гаруй саатаад байгаа аж. 

Тухайн үед “The Hu” хамтлагийнхан нутаг буцах гэсэн боловч Монгол Улс гуравдугаар сарын 28 хүртэл бүх гадаад нислэгээ зогсоосон байжээ. Тэд мөнгөө хэмнэх үүднээс Сидней хотын ойролцоох “Airbnb” сүлжээний хямд байранд байрлаж байгаа тухайгаа “Billboard” сайтад өгсөн ярилцлагадаа ярьсан байна.

Хамтлагийн продюсер нь Турк улсад саатаад байсан ч Монгол Улсын Засгийн газрын илгээсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцаж чадсан. Хамтлагийн залуус одоогоор Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбоо барьж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо очих хүсэлтээ өгсөн гэнэ.

“The Hu” хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд Ази тивийн аялан тоглолтоо эхлүүлэхээр эх орноосоо мордсон. Тэд энэ удаагийн аялан тоглолтоороо Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм.