Монгол Улсын Гарьд Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр /2026.04.09/ болохоор товлосон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тус хурал яг одоо Үндэсний спортын арбитртын шүүхэд болж байна. Тус хуралд Монгол Улсын Гарьд Н.Өсөхбаяр өөрийн биеэр оролцож байгаа бөгөөд тэрбээр уг асуудлын талаар одоогоор байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Бид уг Үндэсний спортын арбитртын шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.
Эргэн сануулахад, өнгөрсөн жил наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдаг.
Харин Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан байдаг. Иймд Монголын олон улсын ба Үндсэний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярын өргөдөлд допингийн давж заалдах журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн. Тэгвэл Үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаярын өргөдөлтэй “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр /2026.04.09/ 10:00 цагт эхлэхээд товлоод байсан юм.