БНХАУ-аас 61 мянган тонн хагас коксон түлш нэмж авчээ

БНХАУ-аас 61 мянган тонн хагас коксон түлш нэмж авчээ

Улаанбаатар хот өнгөрсөн өвөл БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос нийт 306 мянган тонн хагас коксон түлшийг ₮226 тэрбум төгрөгөөр худалдан авсан. Нэг тонн түлшний дундаж үнэ 738 мянган төгрөг байсан юм. Гэвч уг хэмжээний түлш нь галлагааны улирал дуустал буюу тавдугаар сарын 15-ныг хүртэл хүрэлцэхгүй байгаа тул Хятадаас нэмэлтээр 61 мянган тонн хагас коксон түлш ₮45 тэрбум төгрөгөөр импортолж байгаа бөгөөд нийлүүлэлт ирэх долоо хоногт дуусах аж.

Нэг өрхөд долоо хоногт долоон шуудай түлш олгодог байсан бол 150 м.кв-аас дээш талбайтай айлуудад 10 шуудай олгох болсон нь нийт хэрэглээг нэмэгдүүлжээ. Одоогийн байдлаар хагас коксон түлшийг 426 цэгээр борлуулж байгаа бөгөөд аюулгүйн нөөцөд 22 мянган тонн түлш байна. Харин шигшиж ангилсан шахмал түлшний нөөц байхгүй, үйлдвэрийн бус түүхий миддлингийн 32 мянган тонн нөөц байгаа бөгөөд үүнийг аж ахуйн нэгжүүд худалдан авч хэрэглэж байгаа юм. Өнгөрсөн өвөл 606 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, нийт 121 мянга гаруй тонн түүхий миддлинг ашигласан байна. Гадаа дулаарч эхэлсэнтэй холбоотойгоор өдөрт дунджаар 1,200 орчим тонн түлш борлуулагдаж байгаа бөгөөд иргэдийн зүгээс хагас коксон түлш нь 3–4 цаг дулаан хадгалж, галлагааны тоо багассан гэж үнэлжээ. Борлуулалтын хувьд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өндөр, харин Баянгол, Хан-Уул дүүрэгт харьцангуй бага байна.