Монголын боксчид тивийн аваргын финалд шалгарлаа

Монголын боксчид тивийн аваргын финалд шалгарлаа

Манай улсад зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орж, шигшээ тулаанд өрсөлдөх тамирчид тодорлоо.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 26 орны шилдэг боксчид оролцож, эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд аваргуудаа тодруулах гэж байна. Шигшээ шатанд 11 улсын тамирчид алтан медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас хоёр тамирчин финалд шалгарчээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Э.Номундарь Вьетнам болон Казахстаны тамирчдыг ялж, аваргын төлөө Энэтхэгийн дэлхийн аварга Минакши Хүүдатай тулалдахаар болов. Харин эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Японы боксчин Руи Ямагүчитай алтан медалийн төлөө өрсөлдөнө. Мөн манай багийн бусад тамирчид амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун, эрэгтэйчүүдийн 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Бариахаан нар хүрэл медаль хүртээд байгаа юм.