Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ ашиглалтын хугацаа нь дууссан автобусаа шинэ зориулалтаар ашиглаж, явуулын бие засах газар болгон тохижуулжээ.
Тус байгууллагын тээвэрлэлт, үйлчилгээний газрын дарга С.Мөнхсүлд “Манайх өдөрт 144 автобусаар 287 жолооч нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Гэвч хотын түгжрэлээс шалтгаалж жолооч нар эцсийн буудалд хүрч бие засах боломж хомс байдаг нь үйлчилгээний чанарт нөлөөлж байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд хувийн хэвшилтэй хамтран явуулын ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлсэн” гэв.
Уг явуулын бие засах газар нь эрэгтэй, эмэгтэй суултуур, гар угаах хэсэгтэй бөгөөд бохирыг соруулж зайлуулдаг шийдэлтэй аж. Жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор тохижуулсан байна. Харин аж ахуйн жолооч Б.Ариунтуяа “Жолооч нарт бие засах газар үнэхээр тулгамдсан асуудал байдаг. Туршилтаар үйлчилгээнд гаргахад жолооч нар төдийгүй иргэд ч эерэгээр хүлээж авсан. Одоогоор ашиглах төлбөр 1000 төгрөг бөгөөд энэ нь цэвэрлэгээ, үйлчилгээний зардалд зарцуулагддаг” хэмээжээ.
Эх сурвалж: Ikon.mn