БНХАУ-ын эмнэлэгийн мэргэжилтнүүдээ Пёньян руу илгээжээ

БНХАУ-ын эмнэлэгийн мэргэжилтнүүдээ Пёньян руу илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байгаа энэ цагт БНХАУ төлөөлөгчдөө Пёньян руу илгээжээ. 

БНХАУ-ын эрх баригчид БНАСАУ руу эмнэлгийн шинжээчид бүхий мэргэжилтнүүдийг баг илгээсэн гэж “Reuters” агентлаг нэрээ нууцалсан гурван эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын коммунист намын /ХКН/ Төв хорооны олон улсын хэлтсийн өндөр албан тушаалтнаар ахлуулсан төлөөлөгчдийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Умард Солонгос руу илгээжээ.

Дээрх мэдээлэлд болон энэ нь Ким Жон Уны эрүүл мэндийн байдал муудсан гэх мэдээлэлтэй холбоотой эсэх талаар лавласан хүсэлтэд олон улсын хэлтэс болон БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас одоогоор хариу өгөөгүй байгаа аж.

Ким Жон Уны биеийн байдал муудсан гэх мэдээлэл гарах болсон шалтгаан нь тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд тохиодог өвөө Ким Ир Сенийнхээ мэндэлсэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоогүйгээс үүдэлтэй юм.

Ким Жон Ун мэс засал хийлгэсний дараа биеийн байдал нь муудсан гэх тагнуулын мэдээг АНУ-ын эрх баригчид шалгаж байна гэж "CNN"  телевиз дөрөвдүгээр сарын 20-нд мэдээлсэн бөгөөд одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна.

Харин БНСУ-ын эрх баригчид мэдээлэхдээ, Умард Солонгосын удирдагч өвдсөн гэж таамаглаж болохуйц үйл явдал ажиглагдаагүй хэмээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдал муудсан гэх мэдээллийг дөрөвдүгээр сарын 23-нд няцаасан юм. 

Өмнө нь 2008 онд Ким Жон Уны эцэг Ким Жон Иль тархинд цус харвах үед Хятад, Францын эмч нар эмчилгээнд оролцож байсныг хожим мэдээлсэн. Ким Жон Иль нь 2011 онд зүрхний шигдээсээр нас барсан билээ.

Өдгөө 36 настай Ким Жон Ун өмнө нь 2014 онд хэсэг хугацаанд олны нүднээс далд байсныхаа дараа гарч ирэхдээ бага зэрэг доголж байсан. Архаг тамхичин, жингийн илүүдэлтэй гэдгээсээ болж Ким Жон Ун зүрхний өвчнөөр шаналдаг аж.