“Toyota” Хойд Америк дахь үйлдвэрлэлээ ирэх сараас сэргээнэ

“Toyota” Хойд Америк дахь үйлдвэрлэлээ ирэх сараас сэргээнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани коронавирусний халдварын тархалтын улмаас өнгөрсөн гуравдугаар сараас түр зогсоогоод байсан Хойд Америк дахь үйлдвэрлэлээ ирэх сараас сэргээхээр болжээ.

“Манай компани АНУ, Канад, Мексик дэх үйлдвэрлэлийн ажиллагаагаа тавдугаар сарын 4-нөөс эхлэн аажмаар сэргээхээр төлөвлөж байна” гэж “Toyota” компани пүрэв гарагт мэдэгджээ. “Toyota” эрэлт буурч, эд ангийг нийлүүлэхэд хүндрэл учирсан тул тус бүс нутаг дахь үйлдвэрлэлээ гуравдугаар сарын 23-наас зогсоосон юм.

Мөн “Honda” компани АНУ дахь үйлдвэрлэлээ тавдугаар сарын 11-нээс эхлүүлэхийг эрмэлзэж байгаагаа мэдэгджээ. АНУ-д жил тутам 17 сая орчим шинэ тээврийн хэрэгсэл худалдаалагддаг боловч цар тахал дэгдсэний улмаас өнгөрсөн сард борлуулалт огцом буурчээ.

Автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг сэргээсэн ч гэсэн хүнд нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байх төлөвтэй байна.