Допинг хэрэглэж, аймгуудын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хассан ч тэдний цол, чимгийг хураагаагүй байна

Допинг хэрэглэж, аймгуудын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хассан ч тэдний цол, чимгийг хураагаагүй байна

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав даван, шөвгөрсөн бөхчүүдээс анх 2002 онд допингийн шинжилгээ авч эхэлсэн байдаг. Тус наадмаар Дархан аварга А.Сүхбат хамгийн анхны допингийн шинжилгээнд "бүдэрсэн" бөх болж байв. Харин өнгөрсөн жилээс эхлэн “Баяр наадмын тухай хууль”-ийн дагуу аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн байдаг. 

Тодруулбал, “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан бөгөөд тус хуулийн 21.5-д "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байдаг. Ингэснээр 21 аймгаас гадна нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс гадна улсын баяр наадамд барилдаж дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. 

2025 оны Улсын их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс улсын гарьд Б.Гончигдамба, аймгийн арслан Н.Өсөхбаяр нараас допингийн төрлийн бодис илэрсэн бол аймгийн наадамд шөвгөрсөн:

  • Архангай аймгийн баяр наадамд түрүүлсэн Д.Төрбаяр,
  • Баянхонгорт шөвгөрсөн Ц.Болдбаатар,
  • Говьсүмбэр аймгийн наадамд шөвгөрсөн О.Амгаланбямба,
  • Дорнодод үзүүрлэсэн С.Цогтсүмбэр,
  • Өмнөговьд шөвгөрсөн Б.Сундуйжадамба,
  • Төв аймагт түрүүлсэн Э.Чойням, үзүүрлэсэн Э.Гантөмөр,
  • Хөвсгөлд үзүүрлэсэн Э.Мөнхтөр, шөвгөрсөн Б.Сүх-Эрдэнэ нараас допингийн төрлийн бодис илэрсэн бөгөөд тус бөхчүүдийн барилдах эрхийг 3-6 жилийн хугацаагаар хасаад байгаа юм.

Эдгээр бөхчүүдийн хувьд шинжилгээний хариутай санал нийлж барилдах эрхээ хасуулсан ч одоог хүртэл цол, чимгийг нь хураагаагүй юм.

-“ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬ"-Д АЙМГИЙН НААДАМД ДОПИНГ ХЭРЭГЛЭЖ ШӨВГӨРСӨН БӨХЧҮҮДЭЭС ЦОЛЫГ ХУРААЖ, ӨВДӨГ ШОРООДСОН БӨХӨД НӨХӨЖ ОЛГОХ ЯМАР НЭГЭН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙДАГГҮЙ-

Аймгийн наадамд авсан цолыг дээрх хуулийн 8.5 заалтын дагуу тухайн аймгийн Засаг дарга нар олгодог байна. Харин аймгийн наадамд допинг хэрэглэж цол авсан бөхчүүдийн цол, чимгийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ны 379 дугаар тогтоолын "Допингийн дүрэм"-ийн 9.1 болон 10.1 заалтуудаар наадамд авсан цол, чимгийг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хураан авах боломжтой юм.  

Гэтэл өнөөдрийг хүртэл аймгийн наадамд допинг хэрэглэсэн есөн бөхчүүдийн цол, чимгийг хураагаагүй бөгөөд зөвхөн эрхийг нь хассан нь допинг хэрэглэсэн бөхчүүдийг дэмжиж буйтай адил болоод байна.

Монгол бөхөд цол, чимгийн эрэмбээр өрсөлдөх бөхөө амлаж барилддаг учир бөхчүүдэд цаашдын амжилтад цол, чимэг хамгийн хэрэгтэй байдаг. Гэтэл улсын наадамд допингтой бөхөд өвдөг шороодсон бөхөд цол, чимгийг нөхөж олгодог ч аймгийн наадмуудад энэ нь үйлчлэхгүй байгаа нь олон бөхчүүдийг хохироож байгаа юм. Жишээлбэл,  өнгөрсөн жилийн Архангай аймгийн наадамд түрүүлсэн Д.Төрбаяраас допинг илэрсэн учир Д.Эрдэнэчулуунд аймгийн арслан цол нөхөж олгох ёстой ч одоог хүртэл тэрээр аймгийн заан цолтойгоо барилдсаар байна. Наадам дөхсөн үед энэ гажуудлыг хэрэв засахгүй бол энэ жилийн аймгийн наадмуудаар дахиад олон бөх хохирч үлдэж магадгүй юм.   

Сонирхуулахад, аймгийн арслан Н.Өсөхбаярын арбитрын шүүхэд хандсан өргөдөлтэй холбоотойгоор “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт хийхээр товлогджээ. Хэрэв энэхүү хурлаар түүнийг допинг хэрэглэсэн тогтоогдвол улсын наадмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох аж.

 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө