"Туулын хурдны зам" төсөлд шалгарсан ч, барьж чадах эсэх нь эргэлзээтэй Хятадын компанид нийслэлээс 400 гаруй тэрбум төгрөг олгосон байгаа талаарх баримтыг бид өмнө нь дэлгэсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
-ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ"-ЫН ЗАМЫН ТРАСС НЬ УЛААНБААТАРЫН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮС, ТЭЖЭЭГДЛИЙН МУЖИЙН ЗААГТ ХАМААРЧ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-
Тэгвэл энэ удаад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч Хотын даргын бараг л "Амиараа хамгаалаад ч болов бариулна" гэгдэж буй "Туулын хурдны зам" төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй бургас, улиасыг "хядах" гэж байгаа талаарх баримтыг хүргэж байна.
“Туулын хурдны зам” төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлыг "Мон газар экологи” ХХК 2025 онд хийж, гүйцэтгэсэн бөгөөд тус ажлын тайланд "Туулын хурдны зам" төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй бургас, улиасыг "хядах"-аар байгааг тусгажээ.

Тодруулбал, “Туулын хурдны зам” төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайланд “Туул хурдны зам” төслийн замын трасс нь Туул голын сав, голын эрэг дагуу хэрэгжинэ гэдгийг тодотгоод Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралт “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн 50 метр зайд хэсэгчлэн давхцалтай байна гэдгийг тайланд тодотгожээ.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн А/02/01 Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагт хамаарч байна гэдгийг онцолсон байна. Тиймээс ч төслийн талбай нь Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс ба түүний дэглэмийг мөрдөх энгийн хамгаалалтын бүсийн дэглэм, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг тус тус мөрдөж ажиллах шаардлагатай гэж үзжээ.
-40.8 ГА ТАЛБАЙН БУРГАСАН ОЙ, 13.5 МЯНГАН ГА ТАЛБАЙН УЛИАС БУРГАС ШУУД НӨЛӨӨЛӨЛД ӨРТӨНӨ-
Түүнчлэн тус ажлын тайланд Туул голын дагуу баригдах хурдны замын зурвас газар /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/ зайд нөлөөллийн бүсийг тогтоосны хүрээнд 32 км урттай 494.094 га талбай нөлөөлөлд өртөх нөлөөллийн бүсэд хамрагдаж байгаа нь тогтоогджээ.
Тодруулбал, "Туулын хурдны зам"-ын төслийн трассын дагуу 54 мянга 423 га талбайн 75 хувь буюу 40 мянга 817 га талбайг бургасан ой, 25 хувь буюу 13 мянга 57 га талбайг улиас бургас шууд нөлөөлөлд өртөж байгаа аж.
Мөн Туулын хурдны зам нь ойн сангийн нэгдүгээр мужид хамаарах бөгөөд Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2010 оны тавдугаар сарын 27-ны А/156 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”, Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2020 оны гуравдугаар сарын 16-ны А/176 тоот тушаалаар батлагдсан “Ойн экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу /ойгоор бүрхэгдсэн нэг га талбайн/ экологи-эдийн засгийн үнэлгээг ашиглан төслийн талбай дахь бургас болон улиасны экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож үзсэн байна.
Ингэхэд, тухайн талбайд ургасан бургас, улиас модны экологи-эдийн засгийн нийт үнэлгээ нэг тэрбум нэг сая 501 мянга 629 төгрөг болжээ.

-"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ"-ЫН ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ НЬ УРГАМЛЫН НӨМРӨГ ДОРОЙТУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ АЖ-
Төслийн трасс нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилтэй давхцалтай байгааг ч тайланд тусгасан байх аж. Тодотговол, хамгийн ойр орших улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь замын трассын урд байрлах Богдхан уулын Дархан цаазат газар. “Туул хурдны зам” төслийн трассын дагуух байрлах нөлөөллийн бүсэд нийт 56 нэгж талбар өртөж байна гэдгийг тайланд тусгасан байна.
Тиймээс ч төслийн барилгын ажлын явцад хөрсийг элэгдэл, эвдрэлд оруулах, нутгийн хөрсөн бүрхэвчийн төлөв байдал өөрчлөгдөн, улмаар ургамлын нөмрөг доройтох зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл үүснэ хэмээн дүгнэж, төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын холбогдох хууль, стандарт, эрх зүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгон ажиллаж, байгалийн хам бүрдлүүдэд үзүүлж болзошгүй нөлөөллүүдийг анхааран авч үзэх, байгаль орчныг хамгаалах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байх нь зүйтэй" хэмээн зөвлөжээ.