Бусан хотын захирагч бусдад бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, уучлалт хүслээ

Бусан хотын захирагч бусдад бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, уучлалт хүслээ

Өмнөд Солонгосын Бусан хотын захирагч О Кео Дон төрийн албан хаагч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа өчигдөр зарлажээ. Тэрээр өчигдөр хотын захиргаанд болсон хэвлэлийн хурлын үеэр “Би төрийн албан хаагч эмэгтэйтэй таван минутын хугацаанд уулзахдаа биед нь гар хүрч, зохимжгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ бол ноцтой хэрэг. Тиймээс би толгой мэхийн уучлал гуйж байна” гэжээ.

О Кео Дон эрх баригч Солонгосын Ардчилсан Намын гишүүн бөгөөд 2018 онд хотын захирагчаар сонгогдож, 2022 он хүртэл ажиллах байсан юм.

Бүх хариуцлагыг өөрөө хүлээх тухай мэдэгдсэн захирагч хохирогчийн нэр төрийг хамгаалахыг иргэд болон хэвлэл мэдээллийнхэнд уриалжээ.

Эрх баригч намын ёс зүйн хороо Баасан гарагт хуралдаж, О Кео Доныг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр хохирогч болон түүний гэр бүлийнхэн захирагчийг огцрохыг шаардаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Yonhap news