О.Мөнхжингийн дунд хуруу гаргаж байсан түүхийг “Сэлэнгэ Бодонс”-ын Л.Наранбаатар давтаж, нэг саяар торгууллаа

О.Мөнхжингийн дунд хуруу гаргаж байсан түүхийг “Сэлэнгэ Бодонс”-ын Л.Наранбаатар давтаж, нэг саяар торгууллаа

Сагсан бөмбөгийн "Үндэсний дээд лиг"-ийн аваргын төлөөх тоглолтууд энэ долоо хоногт эхлэх гэж байна. Тэгвэл хагас шигшээ шатанд таарсан “Сэлэнгэ Бодонс” болон “ШГ Эйпс” багуудын цуврал олны анхаарлыг ихэд татсан. Цуврал долоон тоглолтод шийдэгдэж талбайд гал гарсан тоглолтууд болсон ч түүнээс дутахааргүй өрсөлдөөн талбайн гадуур болсон билээ.

Тодруулбал, “Сэлэнгэ Бодонс” багийн эзэн Л.Наранбаатар болон “ШГ Эйпс” багийн эзэн О.Мөнхжин нар хоорондын харилцаа тун тааруу гэдгийг сагсан бөмбөг сонирхогчдын нүдэнд ил байдаг. Тоглолт бүрийн дараа бие биедээ “үг хаяж” цахим орчимд сэтгэгдлээ бичиж олны анхаарлыг ихэд татсан. Гэхдээ энэ үйлдлүүд сүүлдээ хэрээс хэтэрч эхэлсэн.

-Л.НАРАНБААТАРЫГ НЭГ ТОГЛОЛТОД БАГИЙН ЭЗНИЙ ХУВИАР ТОГЛОЛТ ҮЗЭХИЙГ ХОРИГЛОЖ, НЭГ САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ТОРГУУЛЬ НООГДУУЛСАН-

Тус хоёр багийн цувралын тав дахь тоглолтын төгсгөлд “Сэлэнгэ Бодонс” багийн эзэн Л.Наранбаатар ордонд цугласан өрсөлдөгч багийн дэмжигчид рүү хоёр гарын дунд хуруугаа гаргаж лигийн зүгээс түүнийг нэг тоглолт багийн эзний хувиар “М Банк Арина”-д тоглолт үзэхийг хориглож, нэг сая төгрөгийн мөнгөн торгууль ноогдуулсан байдаг. Гэхдээ Үндэсний дээд лигийн ёс зүйн дүрэм, журам нийтэд ил байдаггүй учир ямар зүйл заалтаар Л.Наранбаатарт тус шийтгэлийг ноогдуулсан нь тодорхойгүй байгаа юм.

Харин гадны лигүүдийн багийн эзэд ийм үйлдэл гаргасан тохиолдол тун ховор бөгөөд тоглогчдын хувьд дунд хуруу гаргасан тохиолдол тоотой хэдхэн л байдаг байна. Жишээлбэл, АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн НБА-ын од тоглогч Кевин Дурант 2010 онд дунд хуруу гаргаж 25 мянган доллароорр торгуулж байсан. Мөн 2006 онд Гилберт Аринас мөн адил дунд хуруу гаргаж 10 мянган доллароор торгуулсан гээд олон тохиолдлууд бий. НБА-ын зүгээс сагсан бөмбөгийн муухай харагдуулах, лигийн нэр хүндэд муугаар нөлөөлөх, үзэгчид, хүүхдүүдэд буруу дуурайлал үзүүлсэн гэх шалтгаанаар чамгүй өндөр шийтгэл ноогдуулдаг аж. Харин багийн эздийн хувьд хэрэв дунд хуруу гаргах гэх мэт зүй бус үйлдэл гаргавал 100-200 мянган долларын торгууль ноогдуулах боломжтой байдаг байна.

-“ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ"-ИЙН БАГИЙН ЭЗЭН ҮЗЭГЧИД РҮҮ ДУНД ХУРУУ ГАРГАСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ-

2021 онд сагсан бөмбөгийн лигүүдийн хагарал дуусаж “Нэгдсэн дээд лиг”-ийг зохион байгуулсан. Тэгвэл тухайн үед “Ай Эч Си Эйпс” багийн эзэн О.Мөнхжин “Хасын Хүлэгүүд” багийн дэмжигчид рүү дунд хуруу гаргаж байсан удаатай. Энэ үед түүнд лигийн зүгээс ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авсан гэх мэдээлэл гараагүй ч лигийн үзэгчдийн дургүйг хүргээд амжсан. Түүнээс хойш О.Мөнхжингийн хувьд шүүгчдийг хараах, бусад багийн тоглогчдын доромжлох гэх мэт болон зүй бус үйлдлүүдийг гаргаснаар тоглолтуудаас олон удаа хөөгдөж байсан түүхтэй билээ. Эдгээр үйлдлүүд улам олширч лигийн зүгээс түүнийг 2027 он хүртэл багийн эзний хувиар ямар нэгэн сагсан бөмбөгийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байдаг.

Дан ганц багийн эзэн ч гэлтгүй лигийн дасгалжуулагч, тамирчдын ёс зүйн асуудлууд энэ улиралд олон хөндөгдсөн.

Тухайлбал, "Би Си Эйч Найтс" багийн тоглогч Дэвион Уоррен, “Хаан Шонхорууд” багийн тоглогч О.Өсөхбаярын дагз руу цохисон, “Хаан Шонхорууд” багийн ахлах дасгалжуулагч С.Тулга эсрэг багийн тоглогчийг алгадсан гээд дурдвал олон тохиолдлууд бий. Гэхдээ эдгээр тохиолдлуудад лигийн зүгээс ямар арга хэмжээ авсан нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг” монголын хамгийн олон үзэгчтэй спортын нэг хэдийнээ болсон. Үүнийг дагаад дээд лигийн хариуцлага ч нэмэгдэх ёстой юм. Гэтэл “Үндэсний дээд лиг”-ийн зүгээс олон зүй бус үйлдэлд “ус балгачихсан мэт” чимээгүй байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна.

 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө