АНУ-ын мэдээллийн CNN агентлаг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрхний хагалгаанд орж, бие нь маш хүнд байгаа гэсэн мэдээллийг энэ сарын 21-ний өдөр нийтэд мэдээлсэн.
Тэд энэхүү мэдээллээ Тагнуулын төв газрын өндөр тушаалын эх сурвалжаас авсан хэмээн баталсан ч өөр эх сурвалж “Хэдий мэс засалд орсон ч эрүүл мэндэд ноцтой аюул учирсан талаар хэлэхэд эрт” гэж байсан юм.
Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун бие муудаж сэхээнд орсон, цаашилбал тэрээр нас барсан байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Ямартай ч Японы “Yomiuri” сонин “Ким Жон Уны бие санаж байснаас илүү муу байгаа, умардууд залгамжлагчийн асуудлыг хөндөж байгаа” гэж мэдээлсэн юм. Мөн тус мэдээлэлд Ким Жон Уны залгамжлагч нь хэн байж болох талаар ч мэдээлсэн. Энэ тухай тус сонинд “Залуу удирдагчийн эрүүл мэнд эртнээс муудаж эхэлсэн үү, аль эсвэл угаас нөөц хувилбартай байх ёстой ч юм уу, ямар ч байсан эрх баригч Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдах зөвлөл 2019 оны сүүлээр хуралдаж, улс орны удирдлагыг шилжүүлэх нөхцөл байдал үүсвэл хэрхэх асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингээд Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг залгамжлагчаар баталсан байна” гэж мэдээлсэн юм.