Дональд Трамп ирэх тавдугаар сард БНХАУ-д айлчилна

Дональд Трамп ирэх тавдугаар сард БНХАУ-д айлчилна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх тавдугаар сарын 14-15-нд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо Ши Жиньпинтэй уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэгдлээ.

Энэхүү айлчлал анх гуравдугаар сарын 31-нээс эхлэхээр төлөвлөгдөж байсан ч АНУ-ын тал Иран дахь цэргийн ажиллагаанд анхаарах шаардлагатай болсон тул хойшлуулах хүсэлт гаргасан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Трампыг Хятадад айлчлах хүртэл дайн намжиж, дуусах эсэх талаар асуухад Левитт засаг захиргаа цэргийн ажиллагаа “Ойролцоогоор 4-6 долоо хоног үргэлжилнэ” гэж анхнаасаа тооцоолж байсан гээд, “Хоногоо өөрсдөө тоолоод үз” гэж хариулжээ.

Дональд Трамп дараа олон нийтийн сүлжээнд “Би дарга Шитэй уулзаж, цагийг хамт өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ нь гарцаагүй түүхэн үйл явдал байх болно” хэмээн бичсэн байна. Мөн тэрбээр тэргүүн хатагтай Меланиа Трампын хамт энэ оны сүүлээр Ши Жиньпин болон түүний гэргий Пенг Лиюань нарыг  Вашингтон хотноо хариу айлчлалаар хүлээн авна гэдгээ нэмж дурджээ. Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар хамгийн сүүлд 2017 онд, анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадад айлчилж байсан юм.