“Esports Foundation”-аас зохион байгуулж буй “Esports Nations Cup” тэмцээнд оролцох 100 гаруй улс орны Үндэсний шигшээ багийн түншүүдийг албан ёсоор зарлалаа. Монгол Улсаас “Монголын Электрон Спортын Холбоо” буюу “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр сонгогджээ.
“Esports Foundation” нь нийт 150 улсаас 630 гаруй хүсэлт хүлээн авсан ба энэ нь улс орнуудад электрон спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх шинэ бүтцийг бий болгож байна. “Esports Foundation” нь электрон спортын клубүүдийн дундах хамгийн өндөр шагналын сантай “Esports World Cup” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Бидний мэдэхээр өнгөрөгч онд зохиогдсон “Esports World Cup 2025” тэмцээний Counter-Strike 2 төрөлд манай улсын “The MongolZ” баг аварга болж байсан.
“Esports Nations Cup” нь Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 2-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Мөн улс хооронд зохиогдож буй хамгийн их шагналын сан буюу 20 сая ам.долларын шагналын сантайгаар зохиогдох юм. “Esports Nations Cup” нь электрон спортын түүхэнд хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй үндэсний шигшээ багт суурилсан дэлхийн хэмжээний бүтцийг бий болгож байгаагаараа онцлог юм. Тус тэмцээн нь клубийн системээс ялгаатай нь дэлхийн шилдэг тамирчид эх орноо төлөөлөн оролцох учраас уламжлалт спортын ДАШТ, олимпын зарчимтай төстэй форматтай явагдана. Үүгээрээ электрон спортын салбарт шинэ жишиг тогтоох томоохон үйл явдал болохоор байна. Энэхүү тэмцээн нь багийн болон ганцаарчилсан топ түвшний 16 төрөлтэйгөөр явагдана.
Багийн төрөлд:
- Counter-Strike2
- DOTA2
- Honor of Kings
- Mobile Legends
- League of Legends
- Valorant
- Rainbow Six Siege
- Rocket League
- APEX
- PUBG Mobile
- PUBG
Ганцаарчилсан төрөлд:
- Chess
- EA SPORTS FC
- Fatal Fury
- Trackmania
- Одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд зохион байгуулагчдаас нэг төрлийг дараа нь зарлахаа мэдэгдсэн.