Украины дроны цохилт ОХУ-ын нефтийн экспортын хүчин чадлын 40 хувийг саатуулжээ

Украины дроны цохилт ОХУ-ын нефтийн экспортын хүчин чадлын 40 хувийг саатуулжээ

ОХУ-ын нефтийн экспортын хүчин чадлын дор хаяж 40 хувь нь саатсан талаар Reuters агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Украины дроны цохилтууд, нефть дамжуулах хоолойн гэмтэл, мөн танкеруудыг саатуулсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр Оросын нефтийн экспортод томоохон доголдол үүсээд байна. Энэ нь дэлхийн хоёр дахь том нефть экспортлогч улсын хувьд орчин үеийн түүхэн дэх хамгийн ноцтой тасалдсан үйл явдал болоод байгаа юм.

Сүүлийн үед Украин Оросын нефть, түлш экспортын дэд бүтцэд чиглэсэн довтолгоогоо эрчимжүүлж, баруун бүсийн гол боомтууд болох Новороссийск, Приморск, Усть-Луга зэрэг газруудад цохилт өгсөн байна. Үүний улмаас өдөрт ойролцоогоор 2 сая баррель нефть нийлүүлэх хүчин чадал саатжээ. Мөн Украин нефть дамжуулах “Дружба” хоолой, шахуурга станцууд болон боловсруулах үйлдвэрүүдийг онилсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна. Киевийн зүгээс энэ нь ОХУ-ын нефть, хийн орлогыг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн бол Москва эдгээр халдлагыг “террорист үйлдэл” хэмээн үзэж, аюулгүй байдлаа чангатгажээ.

Үүнээс гадна Европт Оростой холбоотой танкеруудыг саатуулж байгаа нь Арктикийн бүсээс гардаг нефтийн экспортод сөргөөр нөлөөлж, өдөрт 300 мянган баррель орчим нийлүүлэлт тасалдахад хүрсэн байна. Баруун чиглэлийн экспортод хүндрэл үүссэнтэй холбоотойгоор ОХУ нефтийн нийлүүлэлтээ Ази руу чиглүүлэхийг зорьж байгаа ч хүчин чадлын хязгаарлалт тулгарч байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Гэсэн хэдий ч Хятад руу чиглэсэн зарим хоолой болон Алс Дорнодын боомтуудаар дамжих нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Reuters