Улаанбаатар хотын нэрийг солонгос хэл дээр бичих албан ёсны хэлбэрийг монгол хэлний дуудлага, бичлэгтэй ойртуулан “Улаанбаатар” болгон өөрчилсөн талаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам мэдээллээ.
Энэхүү өөрчлөлтийг хийхдээ Монголын талаас, тэр дундаа Монгол Улсын Гадаад харилцааны яамны гаргасан хүсэлтийг Солонгос хэлний Үндэсний хүрээлэн судалж, хэлзүйн болон дуудлагын онцлогт нийцүүлэн шийдвэрлэсэн байна. Өмнө нь орос хэлний нөлөөгөөр “Уланбатор” хэмээн бичиж ирсэн нь монгол хэлний зөв дуудлага, бичлэгээс зөрдөг төдийгүй албан харилцаанд ойлгомжгүй байдал үүсгэдэг байсан гэж тайлбарлажээ. Тус яамнаас “Энэхүү шийдвэр нь хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрсаг харилцааг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн онцолсон байна. Ингэснээр Солонгос хэл дээр Монголын нийслэлийн нэршил албан ёсоор монгол хэлтэй илүү нийцсэн хэлбэрт шилжиж байгаа юм.