“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ сарын 27-ноос эхлэн нийслэлийн ЕБ-ын бүх сургуульд хэрэгжүүлнэ

“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ сарын 27-ноос эхлэн нийслэлийн ЕБ-ын бүх сургуульд хэрэгжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.

Өнгөрсөн онд тус хөтөлбөр нийслэлийн 64 сургуульд амжилттай хэрэгжиж, нийт 235,131 сурагч хамрагдсан байна. Хөтөлбөрийн хүрээнд уламжлал болон хэрэгжиж буй Төрийн далбааг мандуулах ёслолыг энэ жил 3 дугаар сарын 27-ны баасан гарагт нээхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал, 43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, нийт 231 арга хэмжээг зохион байгуулжээ. Мөн хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогчийг хамруулж, эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцож, сурагчдын санаачилгаар 987 сайн дурын ажил зохион байгуулжээ. Үүнээс гадна 54 мянган сурагч Монгол Улсын төрийн далбааг мандуулах, буулгах ёслолд оролцсон нь эх оронч үзэл, хамтын хариуцлагыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаа юм.