Д.Трамп "Иранд тав хоногийн хугацаа өгч байна" хэмээн мэдэгдээд, цахилгаан станцуудад цохилт өгөх төлөвлөгөөгөө түр хугацаанд хойшлуулжээ

Д.Трамп "Иранд тав хоногийн хугацаа өгч байна" хэмээн мэдэгдээд, цахилгаан станцуудад цохилт өгөх төлөвлөгөөгөө түр хугацаанд хойшлуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй яриа хэлэлцээний талаар мэдээлэл хийж, хоёр тал “томоохон асуудлуудаар, бараг бүх зүйл дээр тохиролцоонд хүрсэн” хэмээн онцоллоо.

Түүний хэлснээр, АНУ болон Ираны төлөөлөгчид сүүлийн өдрүүдэд идэвхтэй хэлэлцээ хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд дайныг зохицуулах гэрээ байгуулагдах боломжтой байна. Ялангуяа түүний тусгай элч Стив Уиткофф болон зөвлөх Жаред Кушнер нар Ираны талтай шууд ярилцсан гэж мэдэгджээ.

Трамп үүнийг “маш хүчтэй, үр дүнтэй хэлэлцээ болсон” гэж тодорхойлоод, “Бид тав хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд бүх талд ашигтай хэлэлцээрт хүрч магадгүй” хэмээн хэлсэн байна.

Гэсэн ч АНУ яг хэнтэй хэлэлцэж байгаагаа тодорхойлоогүй бөгөөд Ираны дээд удирдагчтай бус өөр нөлөө бүхий этгээдтэй харилцаж байгаа гэж дурджээ. Харин Ираны тал үүнийг няцааж, АНУ-тай ямар нэгэн хэлэлцээ хийгдээгүй гэж мэдэгдсэн байна. Мөн АНУ Ираны эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан станцуудад цохилт өгөх төлөвлөгөөгөө түр хугацаанд хойшлуулсан байна. Энэ нь хэлэлцээ үргэлжлэх боломж олгох зорилготой гэж тайлбарлажээ.

Өмнө нь Трамп Иранаас Хормузын хоолойг 48 цагийн дотор нээх шаардлага тавьж, эс бөгөөс цэргийн арга хэмжээ авна хэмээн анхааруулж байсан юм. Тус хоолойгоор дэлхийн газрын тосны томоохон урсгал дамжин өнгөрдөг тул нөхцөл байдал олон улсын зах зээлд хүчтэй нөлөөлөөд байна.

Эх сурвалж: Reuters