Японы мэргэжлийн сүмогийн Харү башёд Киришима Б.Лхагвасүрэн түрүүлж, эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртлээ

Японы мэргэжлийн сүмогийн Харү башёд Киришима Б.Лхагвасүрэн түрүүлж, эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртлээ

Мэргэжлийн сүмогийн Харү башё өчигдөр /2026.03.22/ өндөрлөлөө. Осака хотноо нийт 15 өдрийн турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн түрүүлж, гурав дахь удаагаа эзэн хааны цомыг хүртлээ. 

Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэх болзлоо башёгийн 14 дэх өдөр хангасан юм. Харин башёгийн сүүлийн өдөр озэки Котозакүрад өвдөг шороодсоноор 12 даваа, гурван унаатайгаар Харү башёг тэргүүллээ. 

Тэрбээр хамгийн сүүлд 2023 оны Кюүшү башёд озэки цолтой барилдан түрүүлж байсан бөгөөд тухайн үедээ дараагийн ёкозүна хэмээн яригдаж байсан ч 2024 оны тааруу барилдааныхаа улмаас сэкивакэ цол руу буурсан билээ. Харин өчигдөр Харү башёд түрүүлснээр Киришима Б.Лхагвасүрэн эргэн озэки цолоо авах магадлалтай болсон бөгөөд Сүмогийн холбоо энэ талаар хуралдаж, албан ёсны шийдвэрийг удахгүй танилцуулна хэмээн мэдэгдэв.

Гурав дахь түрүүгээ хүртсэн Киришима Б.Лхагвасүрэн "Эзэн хааны цом их хүнд санагдлаа. Удаан хугацаанд өргөөгүй болохоор тэр биз. Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Түүнд сайхан бэлэг барилаа. Би цол буурсан ч бууж өгөөгүй, шаргуу хөдөлмөрлөсөн хэвээр байлаа. Өөрийгөө нэг л өдөр эргэн ирнэ гэдэгт итгэж байсан. Би одоо ч залуухан байна. Улам хүчирхэг болж, олон түрүү хүртэнэ" гэлээ.