Цагдаагийн байгууллагад өчигдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу очиход жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн Мустанг маркийн мотоцикл жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн бөгөөд тус хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
Баян-Өлгий аймгийн засаг даргын А/797 тоот захирамжийн дагуу 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мотоциклтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Харин нийслэлийн засаг даргын А/1453 тоот захирамжийн дагуу мотоцикл, скүүтэр, мопед, цахилгаан дугуйг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрэм болон хууль захирамжийг зөрчихгүй байх, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.