Зөвшөөрөлгүй гражуудыг буулгаж, өрхийн эрүүл мэндийн төв барина

Зөвшөөрөлгүй гражуудыг буулгаж, өрхийн эрүүл мэндийн төв барина

Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай тоосгон 15 гаражийг өнөөдөр буулгаж тус дүүргийн I, II, III хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эмнэлгийн барилга барихаар төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “2020 онд газрын зөрчил арилгалт, иргэдийн чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилгын газрын нөөц сайжруулах зэрэг олон зорилт бий. Үүний хүрээнд 2020 онд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн газар чөлөөлөх төлөвлөгөөтэй. Газар эзэмших зөвшөөрөлгүй объектын эздэд анх баригдаж байхаас нь эхлээд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлсэн иргэд өөр хүнд зарсан тохиолдол гарсан. Гэхдээ мэдэгдэл хүргүүлснээр иргэд бидэнтэй уулзаж, зөвшилцсөн. Өрхийн эрүүл мэндийн төв барих ажил газар чөлөөсний маргаашнаас эхлэн явагдана” гэв.

 Энэ онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 30 гаруй байршил дахь зөвшөөрөлгүй гараж барилга, хашааг нурааж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах аж.