АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет энэ сарын 13-ны өдөр /2026.03.13/ Батлан хамгаалах яаманд болсон хэвлэлийн бага хуралд оролцож, Иран дахь цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи шархадсан байж болзошгүй бөгөөд магадгүй нүүрэндээ хүнд гэмтэл авсан байж болзошгүй гэж мэдэгдэв. Тэрээр мөн Хаменейгийн удирдах чадварт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ болон Израилын цохилт Иранд үргэлжилж байгаа бөгөөд дайны эхний үед болсон Израилийн агаарын довтолгооны үеэр Ираны өмнөх дээд удирдагч Али Хаменеи амь үрэгдсэн талаар мэдээлсэн байна. Мөн Хаменейгийн гэр бүлийн зарим гишүүд амиа алдсан байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Дайн эхэлснээс хойш шинэ удирдагч Можтаба Хаменеи олон нийтэд харагдаагүй бөгөөд зураг, бичлэг нийтлэгдээгүй байна. Түүний анхны мэдэгдлийг телевизийн хөтлөгч уншиж дамжуулсан бөгөөд Ормузын хоолойг хаалттай байлгах, мөн хөрш орнуудаас АНУ-ын цэргийн баазуудыг хаахыг шаардсан байна. Хэрэв үүнийг хийхгүй бол Иран тэдгээр баазуудыг онилж болзошгүй гэж анхааруулжээ.
Пит Хегсет яриандаа:
“Шинэ гэх энэ дээд удирдагч шархадсан, магадгүй нүүр нь гэмтсэн байж магадгүй гэдгийг бид мэдэж байна. Тэр өчигдөр дуу, дүрсгүй бичгээр мэдэгдэл гаргасан. Иранд камер, бичлэг хийх боломж хангалттай бий. Тэгэхээр яагаад зөвхөн бичгээр мэдэгдэл гаргав гэдэг нь тодорхой. Мөн түүний эцэг нас барсан учраас тэр айж байгаа. Шархадсан, оргон нуугдаж байгаа бөгөөд хангалттай хууль ёсны эрх мэдэлгүй” гэж мэдэгдсэн байна.
Харин нөгөө талд Ираны тал шинэ удирдагчаа шархадсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хөнгөн гэмтэл хэмээн мэдэгдсэн байна.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн бага хурлын үеэр АНУ Ираны пуужин, дрон, тэнгисийн цэргийн чадавхыг устгах зорилготой цохилтуудаа үргэлжлүүлж байгааг онцолжээ. АНУ-ын талын мэдээлснээр, сүүлийн 14 хоногт Иран дахь 6000 гаруй бай руу цохилт өгсөн бөгөөд бараг хоёр долоо хоног үргэлжилсэн бөмбөгдөлтийн улмаас Иранд ойролцоогоор 2000 хүн амиа алдсан байж болзошгүй аж. Мөн АНУ бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж, десантын довтолгооны Триполи хөлөг болон 2500 орчим тэнгисийн явган цэрэг илгээж байгаа аж. Гэсэн ч Ираны дронууд Кувейт, Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Оман зэрэг орнуудын агаарын орон зайд илэрсэн талаар мэдээлжээ. Үүнээс гадна Иракийн баруун хэсэгт АНУ-ын шатахуун цэнэглэгч цэргийн онгоц осолдож, АНУ-ын зургаан цэргийн албан хаагч амиа алдсан байна. Ингэснээр хоёрдугаар сарын 28-наас хойш АНУ, Израилийн цохилтын үеэр нийт 11 америк цэрэг амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters