ШУУРХАЙ: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг хилээр гарахыг нь хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

ШУУРХАЙ: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг хилээр гарахыг нь хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа билээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Нийслэлийн прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ саналыг шүүхэд хүргүүлж, энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг дээрх авлига албан тушаалын хэрэгт холбоотойгоор МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэдгийг тус намын дарга Н.Учрал мэдэгдэж, улмаар уг хүсэлтээ Хяналтын хороондоо гаргаж, "хасах" эсэх процессыг эхлүүлээд байгаа. Харин Говь-Алтай аймгийн МАН-ын хороо Д.Амарбаясгаланг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг эргэн харах хүсэлтийг намын дарга болон хяналтын хороондоо уламжилсан гэх мэдээлэл бий. 

Мөн түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг прокуророос УИХ-д хүргүүлж, уг асуудлыг УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэхээр яригдаж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Ямартай ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Монгол Улсын хилээр гарахыг хориглож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө